Цагаан сар
Даваа, 08 Үхэр сарын 2010
 Цагаан сар жил бүрийн хаврын эхэн сар буюу  ямагт бар сар байдаг. Эл үед болдог нь учиртай агаад аливаа ан амьтны төллөж эхлэх, ургамал үндэслэж урган дэлгэрэхийн эхлэл болох зохистой улирал сонгосон нь нэг талаас бэлгэдэл, нөгөө талаар монгол түмний шинжлэх ухааны мэдлэгийн арвин уламжлалтай холбоотой.
Цагаан сараар шинэлэх ёслол шинийн нэгнээс гурван хүртэл эрчимтэй болдог авч шинийн арван таван хүртэл үргэлжилдэг. Үнэхээр алс хол зайдуу бол эцэг, эх, ах, дүү, ураг төрлийнхөндөө жилдээ амжиж золгодог ёстой. Чингэвч шинэлэх ёстой жаахан дэлгэр танилцуулъя.
Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд шинэлдэг.
Энэ нь монгол түмний бүх нийтийн баяр агаад сар шинийг хүүхэд, хөгшид ялгаа нь үгүй тэмдэглэн заавал ёсолдог. Тэр ч атугай ганцаараа хаа нэгтээ /ямар нэг ажлаар/ байлаа ч шинэлдэг ёстой. Энэ их сонин өвөрмөц ёс билээ. Чингэхдээ тэрхүү ганц хүн дээлийнхээ захтай золгон ёс гүйцэтгэдэг. "Хүн ахтай, дээл захтай" хэмээх үгийн учир ийм буюу захы нь дээлийн тэргүүн эх хэмээн үздэг.
Сар шинэ тэмдэглэх хэлбэр нь ястан бүрд ялимгүй ялгаатай авч агуулга, ёс журам, зарчим, үүрэг, зорилго нь ижилхэн. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд өглөө эрт босож цай ундаа тав, тухтай уугаад ургах нарнаар данхтай цай, тавгийн идээ аван наран ургах зүгт босгосон овооноо гарч, овооны дөрвөн зүг найман зохист /урд, хойд, баруун, зүүн, баруун урд, баруун хойд, зүүн урд, зүүн хойд/ арц хүжээ уугиулсаны дараа овооны эгц урдаас эхлэн нар зөв тойрч дөрвөн зүг, найман зохист цайныхаа дээж, идээ будаагаа өргөн мөргөдөг. Чингэж мөргөх, өргөх ёслол дуусаад овоонд бэлдсэн аргал түлшээ асаан өвчүү, дөрвөн өндөр, сүүл, өөх тосоо өргөсний дараа овооны урд насны эрэмбээр сууж золгох ёслол болдог. Золгох ёслолоо дуусаад тавагтай идээ, цайгаа тавьж хөнгөн цайлаад овоогоо нар зөв тойрч гэр гэртээ очин бурхан сахиусандаа мөргөөд, гэр дотроо шинэлэх ёслол хийдэг.
Овоонд зөвхөн эрэгтэйчүүд мөргөдөг, очдог ёстой. Энэ нь эцгийн эрхт ёсны үеэс улбаатай аж. Овоонд цайны дээж, идээ будаа өргөхийн өмнө
Буур жил гарч
Ботгон жил орлоо
Өвгөн жил морилж
Өлзийтэй  жип ирлээ ... гэх мэтээр хуучин он шилжин шинэ он ирснийг бэлгэшээн өгүүлэхийн хамт зуд турхан, ган гачиггүй, хур бороо элбэгтэй, ургац арвин, өвчин зовлонгүй дэлгэр жаргалтай жил болохыг тэнгэр бурхандаа хэлж мөргөдөг. Чингэхдээ заавал шүлэглэж хэлдэггүй. Айл гэр бүр өөр өөрийн бодлоо дээрх санаагаар илэрхийлэн мөргөж залбирдаг. Энэ нь эртний уламжлалтай, дээд тэнгэр, өвөг дээдэс бурхан сахиусандаа хандсан ёс болох нь тодорхой. Энд  хэд хэдэн хүний сар шинээр овооноо хэлсэн үгийг нийтэллээ.
Буур жип гарч
Ботгон жил орлоо /ирэвээ, ирлээ/
Өвгөн жил морилж
Өлзийтэй жил ирлээ /ирэв/
Хур бороо элбэг
Цас зудгуй
Өвс ургац арвин
Өвчин зовлонгүй байлгаж хайрлагтун
Ган гачиггүй
Газрын гарц арвин
Идээ цагаа их
Идэх уухаар элбэг
Их багагуй бугдийг нь амгалан байлгаж хайрла
Мал сүрэг тарган
Үр төл олон болтугай
Хамаг хүн амьтанг өвчин зовлонгуй жаргалтай байлгаж хайрла... гэх мэтээр хэлж /хэт чанга бишээр/ цай идээнийхээ дээжээ өргөж, өргөх бүрдээ цөөг хайрхан хэмээн хэлж байв.
Ийнхүү овооны шинэлэх ёслол, зан үйлээ хийсний дараа гэр гэртээн очиж үлдсэн хүмүүстэйгээ золгоод тавтай тухтай цайлж, хооллоод хонь малаа хариулах нь хариулж, үлдсэн нь хот хороогоо цэвэрлэж янзлаад эхэлж аав, ээж, ураг төрлийнхөн болон нутаг усны ахмадуудаас эхлэн ойр, ойролцоо айлын гэрт нь ёс төртэй очиж золгодог. Тиймээс ч "ёс ёмбогор, төр төмбөгөр, хүн ахтай, дээл захтай" хэмээх сургаал гарч түүнээ зуун зууны турш дагасаар эдүгээ хүрсэн билээ.
Сар шинээр хиртэй хувцас ер өмсдөггүй, хэрэглэдэггүй ёстой. Шинэ цагаан нэхий дээл өмсөж золгодог байсан билээ. Энэ нь эдүгээ улам баяжин боловсронгуй болжээ. Золгохдоо дүү нь гарынхаа алгаа дээш харуулан ахмад хүнийхээ тохой дороос өргөх байдлаар хүндэтгэн "Тарган тавтай шинэлж байна уу?, Амар амгалан шинэлж байна уу?, Амар байна уу? ... гэх мэтээр мэндэлж золгодог ёстой. Ахмад нь мөн л гарынхаа алгаа дээш харуулан түшүүлж өргүүлэн хүндэтгүүлж байгаа байдлаар гараа тавьж үнэсдэг хэмээн бичдэг юм.
Энэ бол дүү нь ах хүнээ үргэлжид дээдлэн хүндэлж, тусалж байхын ахмад нь насан хутаг, буян хишиг, сургаалаа сэтгэл харамгүй хүртээж байхын бэлэгдэл юм. Чингэж золгох ёс гүйцэтгэсний дараа мэндэлж / тарган тавтай онд мэнд орсон хийгээд лагшин тунгалаг, амгалан байгаа, тарган сайхан хаваржиж байгаа, аятай тавтай шинэлж байгаа, мал сүрэг олон төллөж, төл бүрэн бойжиж байгаа, ажил алба амжилттай сайн байгаа тухай баяр ёслолын болон улирлын, өдөр тутмын мэндээр мэндэлдэг ёстой/ хөөрөг солилцон тамхилдаг.
"Хотгойд монгол" сонин