Даргын мэндчилгээ

Эрхэм таны амрыг эрэн мэндчилье,
        Аливаа улсын үнэт зүйлс, түүхэн цаг үеийг гэрчлэх эх сурвалжийг байнга хадгалж, хамгаалж байдаг байгууллага бол архивын байгууллага юм.
        Монгол улсын түүхэн үйл явцад бүрэлдэн бий болсон эх сурвалжыг хадгалан хамгаалах байгууллагын орчин цагийн суурийг Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан Аравдугаар хурлаас албан ёсны орон тоо, бүтцийг баталснаар буй болсон гэж үздэг. Үүссэн цагаасаа эхлэн тус байгууллага нь түүхэн эх сурвалж болох албан бичиг, захидал, ном судар, хууль зүйн болон бусад баримт, мэдээллийг эрэн хайх ажлыг өөрийн улсын болон хилийн чанадаас сурвалжлах, олж нээх, татан авчрах ажлыг зохион байгуулж ирсэн юм. Нэгээхэн жишээ татахад; 1924 онд хуралдсан  Улсын анхдугаар хуралд тавьсан Судар бичгийн хүрээлэнгийн илтгэлд “... Монголын түүхэнд холбогдох зүйлийг сурвалжлан ховор бичгийн зүйлийг олох ажлыг хийж байна. Мөн ... Монгол үндэстэн ба газар орны түүхэнд холбогдох хуучин зүйлийг цаашид хамгаалбал зохих дүрэм батлав” гэжээ.
Өнөө цагийн архивын байгууллага нь архивын баримтын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтаас гадна албан хэрэг хөтлөлтийн асуудлыг улсын хэмжээнд эрхлэн явуулж байна.
1998 онд батлагдсан Архивын тухай хуулиар архивын өв санг хадгалж, хамгаалах, ашиглуулах, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг бий болгож, архивын байнгын хадгалалт, өмчлөгчийн эрхийг хамгаалах, төрийн архив олон нийтэд нээлттэй байх, улс төрөөс хараат бус байх зэрэг олон чухал шаардлагатай зарчмууд хуульчлагдсан билээ.
Монгол үндэстний түүх, соёлын үнэт баялаг сан, тусгаар тогтнолын баталгаа, үндэстний ой санамжийг хадгалж, хамгаалж байгаа Архивын байгууллага, түүний төлөөлөл болсон архивчдынхаа нэрийн өмнөөс Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлж, манай байгууллагын вэб сайтаар зочлохыг урьж байна.
Төрийн ойн санамж тунгалаг байх болтугай.
Хүндэтгэсэн;
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА                                                  С.ЭНХБААТАР
 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook