Sun10262014

Үйл явдлын тойм

ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨР

ДЭЛХИЙН ДУРСАМЖ ХӨТӨЛБӨР

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг ЮНЕСКО 1992 онд анх ...

Говь-Алтай аймгийн Архивын тасаг шинэ байранд орлоо.

Говь-Алтай аймгийн Архивын тасаг нь 1954 онд  түүх...

“Архивын тухай” хуулийн төслийг боловсруулж дууслаа

Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 03 сарын 15...

Back Хүүхдэд холбогдох монгол ёс заншил, зурхайн зан үйл

Хүүхдэд холбогдох монгол ёс заншил, зурхайн зан үйл

  • PDF
ЭХИЙН АЛТАН ХЭВЛИЙД ХҮҮХЭД БОЙЖИХ ЯВЦ
Ээжийнхээ алтан хэвлийг мялааж олдсон хүүхэд эргэх долоон гарагийн шууд нөлөөнд бойждогийг эрдэмтэн судлаачид олон жилийн нөр хичээнгүй судалгаагаараа олж тогтоожээ.
Yүнд:
-Эхний сард: Санчир гарагийн нөлөөнд хүүхэд хүн дүрсээ олно.
-Хоёр дахь сард: Бархасбадь гарагийн нөлөөнд хүч энерги олно.
-Гурав дахь сард: Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтэний хөгжил тогтож тархи өснө.
-Дөрөв дэх сард: Адъяа гарагийн нөлөөнд зүрхний ажиллагаа буй болж ажиллаж эхэлнэ.
-Тав дахь сард: Сугар гарагийн нөлөөнд бүх эрхтэн дүрс хэлбэрээ олно.
-Зургаа дахь сард: Буд гарагийн нөлөөнд нүд хөмсөг буй болно.
-Долоо дахь сард: Сумъяа гарагийн нөлөөнд бүх эрхтэн гүйцэд хөгжинө.
-Найм, ес дэх сард: Дахин санчир гарагийн нөлөөнд гадаад орчинтой харьцах бүх бэлтгэл нь хангагдана.
-Хүүхэд эхийн хэвлийд есөн сар, ес хоног, есөн цаг бойжиж дуусаад эх дэлхийн хөрсөнд хүн болж мэндэлнэ.

ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН

Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийн
нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно.
Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм.
Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай.
Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.
“Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг.
Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ.
Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ.
Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана.
Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм.
Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг.
Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ
Нэр бүтэн бол заяа бүтэн
Монгол Ардын Зүйр сэцэн үг

Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм.
Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны  амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.
Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.
Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.
Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү? гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө.
Ёслолын эцэст хүүхдэд хандан:
Эх эцэгтээ энэрэлтэй
Элэг садандаа түшигтэй
Эх орондоо гавьяатай
Эрхэм сайн хүн болохын
Эетэй сайхан ерөөлийг
Энд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө.
Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм.
Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ.
“Дуудах нэрийг эцэг эх
Дуурсах нэрийг өөрөө олдог”
“Нэр хугарахаар
Яс хугарах”
“Хүн нэрээ тогос өдөө”  гэх мэтээр эртнээс нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ.

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН

Энэ ёсыг өөр өөрөөр нэрлэдэг заншилтай. Хүүхдийн үс авах гэдэг нь түгээмэл нэр бололтой.
Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг байна. Эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ.
Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.
Нялх  үсийг авах учир
Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.
Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.
Эвэр тавих ёсон
Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.
Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.
Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл:
  • Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.
  • Даахь (нялх үс)-ийг  нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .
Үс авах ёсон
Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай.
  • Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.
  • Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.
  • Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.
Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.
Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.
Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.
Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална.
Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг.
Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ.
Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна.
Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.
Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.
Хүүхдийн үс (даахь) авах ерөөл
Эрхэм хайрт танайх болбол
Түмэн өлзий бүрдсэн
Түгээмэл жилийн түвшин сайн өдөр өө
Эрхэм хайртай хүүгийнхээ
Алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоос
Ивээл жилтэй хүнийг
Эрхлэн залж, эрхэм олон түмнээ
Урьдчилан хэлж, ган цагаан хайч
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтан хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатган
Ган хушуутай алтан бариултай хайчаа
Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж
Гарсан төрсөн насыг нь уртатгаж өргөөд
Баруун талын шанаанаас нь эхлэж үргэхэд
Бадамлянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
Ар шилэн дээрээс нь авч үргээхэд
Агуу хүчин төгөлдөр байгаа мэтээ
Эрхэм хайртай хонгор хүүгийн
Эрдэм билгийг ярихад
Номд мэргэн, нойронд сэргэг
Үйлэнд уран, үгэнд цэцэн
Хуулинд шударга
Дайнд баатар, далайд усч
Элгээрээ энх сайхан жарган
Төрлөөрөө төв сайхан оршиж
Үрээ танихгүй өнөр баян
Үрээгээ танихгүй хурдтай баян
Суух заяа сурах эрдэм
Баярлах наадам бахтай жаргал
Нас сүүдрээр урт
Найр цэнгэлээр их
Эгүүрд номын ёсоор
Баярын магнайгаар
Баясан жаргахын
Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая!

ХҮҮХДИЙГ ХӨХНӨӨС ГАРГАХ СУДАР
Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг.
Yүнд:
1.    Хулгана өдөр 22 дахь одтой
2.    Үхэр өдөр 19 дахь одтой
3.    Бар өдөр 24 дахь одтой  
4.    Туулай өдөр 21 дахь одтой
5.    Луу өдөр 19 дахь одтой
6.    Могой өдөр 16 дахь одтой
7.    Морь өдөр 13 дахь одтой
8.    Хонь өдөр 10 дахь одтой
9.    Бич өдөр 7 дахь одтой
10.    Тахиа өдөр 4 дэх одтой
11.    Нохой өдөр 1 дэх одтой
12.    Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог.
Нэг анхаарах зүйл гэвэл зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй байдаг.

“ЭНРХИЙ” ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЗАНШИЛ

Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ. Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэтийн амьтадын шөрмөсөөр боодог байжээ.
Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Орос гэх зэрэг нэр өгдөг. Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг. Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм.
ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР

Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байв. Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм.

ҮР ХҮҮХЭД ГУЙХ
Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг.
Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.

ХҮҮХЭД ҮРЧЛЭХ ЁС
Монголчууд гэр бүлийг бат тогтворотой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг хүүхэд өргөж авах ч гэдэг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх хагрилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам зурхайчаар өдөр цаг үзүүлж өдөр гаригийн бэлгэдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр эм хоёр үрчлүүлэх айлдаа “сүүн” бэлэгтэй очно.
Сүүн бэлэгт заасан тодорхой хэмжээ байгаагүй. Өгөх хүмүүсийн сэтгэл , хэр чинээнээс болдог байв. Хүүхдийг авч байгаа айлд цөөн тооны мал ч тууж очдог. Говь нутагт сүүн бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн өнгө өгдөг заншил түгээмэл байв.
Зарим нутагт хүүхэд үрчлэн авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байв.
Үрчлэн авч байгаа эх хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж “Хүүхдээ хайрла” хэмээн гуйна. Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийдөө өлгийдөн авч явдаг.
ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙГ ГЭРТ ОРУУЛАХ ЁСЛОЛ
Өргөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлгэдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ зөв нар зөв нэг тойруулдаг. Гэртээ оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юмуу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачиж тогооны бариул бариулдаг. Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлгэдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулж, дараа нь ном бичиг, ногт, хазаар, уурга бариулдаг.
Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алийг нь ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж “адис авахуулдаг” ёс үйлддэг байжээ.

ХҮҮХДИЙН “АМ ГЭМТЭХЭД” ХИЙХ ДОМ
Хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байв. Тэгж домнохдоо Эхэн дом, эхэн дом, эхэн дом хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай. Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч бий. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс байв. Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг.
ХҮҮХЭД “ХӨЛСӨХӨД”-Д ХИЙХ ДОМ ШИВШЛЭГ, “ШИРГЭЛЭХ” АРГА
Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.
“Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
“Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
-Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.
-Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.
-Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
-Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд “хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг.
ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ
1.    Гашуунаар бүү тэтгэ
2.    Амттанаар бүү цатга
3.    Өнгөнд бүү шунуул
4.    Тансагт бүү умбуул
5.    Улайг бүү үзүүл
6.    Нойронд бүү автуул гэсэн захиасыг сэтгэлд сийлж ухаанд урлаж орхисон байна. Монгол айлд монгол хүн ийм л жаяг ёсыг сахин амьдарч, хийж бүтээж, төгс нөгчиж зуун зууныг туулжээ.


МАН-ын баримтын төвийн архивч, магистр Т.Сайнжаргал







Add comment

Security code
Refresh