Sat12162017

МЭНДЧИЛГЭЭ

Архивын салбар, төрийн хариуцлагатай албанд цохилох зүрх, лугших судас нь болж бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулан гурван цагийн алтан хэлхээс-ахмад үе, ачааны хүндийг үүрч яваа ид үеийнхэн, алс ирээдүйг түүчээлэх залуус Та бүхэндээ Монгол төр, түмний ой санамж-Архивын байгууллагын 90 жилийн ойн гал цогтой баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлье.

Аугаа суут эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж төрийн хэргийг “хөх бичиг бичиж, дэвтэрлэн ургийн ураг хүртэл бүү егүүтгэтүгэй!” хэмээн зарлиг буулган төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн үндсийг тавьжээ. Их Монгол улсын гал голомтыг бадраасан монголын төр, засгаас түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлсийг бүх аймаг хошууд төдийгүй хилийн чинадаас цуглуулах нөр их ажлыг хийж гүйцэтгээд 1927 оны 12-р сарын 05-нд архивын албыг байгуулсан нь эдүгээ Монгол улсын хэмжээнд Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архивуудаас бүрдсэн төрийн архивын тогтолцоо болтлоо өргөжин хөгжиж байна.

 

Манай хамт олон 90 жилийн ойгоо угтаж төв, орон нутгийн архивчдаа мэргэшүүлж, чадавхижуулах, төрийн архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийх, АЕГ-ын шинэ цогцолбороо тохижуулах, орон нутгийн архивуудыг өөрийн гэсэн байртай болгох хөдөлгөөнийг эхлүүлэх, ахмад настан, хүүхдүүдээ дэмжих, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нэмэр тус болох, улс даяар “Нээлттэй хаалганы өдөр” хийх, “Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан, соёл спорт, урлагийн уралдаан тэмцээн зохион явуулах, эрдэм шинжилгээний ном бүтээл хэвлэн нийтлэх, хурал чуулган, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон цогц ажлыг амжууллаа. АЕГ-ын өнгө жавхаа нэмж, ажил үйлс сайжран, дэвжин өрнөж байгааг архивын салбарын үе үеийн албан хаагчид, хамтын ажиллагаатай гадаад, дотоодын байгууллага, төр засаг, түмэн олныхоо сонорт хүргэе.

 

Архивын ерөнхий газар нь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэхээс эхлээд Архивын тухай Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн төрийн зорилт чиг үүргийг амжилттай биелүүлэн, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэтгэл хийх, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахимжуулах зэрэг нүсэр ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ архивын үйлчилгээг байгууллага, ард иргэдэд улам ойртуулж, чанар хүртээмжийг дээшлүүлэх, өвөг дээдсийн бүтээн туурвисан эрдэм мэдлэг, өв соёлын их далайгаас дээжлэн нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн хөгжлийн хурдтай мөр зэрэгцэн алхах хүсэл тэмүүллийг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилт болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн зүтгэнэ.

 

АЕГ-ын ажилтан албан хаагчид, нийт олон түмэндээ Архивын албаны 90 жилийн түүхт ойн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд, амьдрал ус мэт урсан өнгөрөвч, аугаа бүтээл бүхэн уул мэт сүндэрлэн үлдэж, Монгол улсынхаа төлөө гэсэн ариун үйлс өнө мөнхөд өөдлөн бадарч явахыг хүсэн ерөөе.

 

 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДОКТОР Д.ХОРОЛДАМБА

2017 оны 12 дугаар сарын 01

Add comment

Security code
Refresh