Sat12162017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм “МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ: УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ-90 ЖИЛ” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

“МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ: УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ-90 ЖИЛ” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг нийтэд дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэн дараах гурван үндсэн сэдвээс бүрдэсэн байна. Үүнд: 
1. Монголчуудын албан хэрэг хөтлөлт архивын уламжлал
2. Архивын сан хөмрөгийн баримтын дээжис
3. Монгол улсын архивын салбарын үүсэл хөгжил


1921 онд Үндэсний ардчилсан хувьсгалаар ялалтыг олж, улмаар 1924 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Анхдугаар үндсэн хуулийн үр дүнд Монгол улсын Засгийн газраас үндэсний бичиг үсэг, түүх, соёлын дурсгалт зүйлийг цуглуулж, эмхтгэн хадгалж хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулан Судар бичгийн хүрээлэн хэмээх газрыг байгуулсан юм. 
Улмаар 1927 оны 12 дугаар сарын 05-нд Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлаар тус хүрээлэнгийн газраа хадгалагдан буй өмнөх үеийн данс харааг эрхлэх нэгэн хүний орон тоог бий болгож баталсан буй. Энэ нь Судар бичгийн хүрээлэнгийн харьяаны орон тоо мэт боловч үнэн чанартаа Монгол улсад орчин цагийн архивын албаны түүхийг бичиглэж, он цагийг эхлүүлэн үздэг юм. Өдгөө тэр үеэс хойш 90 дэх жилээ угтаж байна.
Түүхийн энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Архивын ерөнхий газраас эрхлэн “Монгол Улсын архивын албаны үүсэл хөгжил, уламжлал, шинэчлэл-90 жил” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын олон нийтэд толилуулж байна. 
Манай үзэсгэлэн нь дараах гурван хэсгээс бүрдэж байна. 
1. Монголчуудын албан хэрэг хөтлөлт, архивын уламжлал/XVIII зуунаас 1911 он/
2. Монгол Улсын архивын салбарын үүсэл хөгжил /1921-2015 он/
3. Архивын сам хөмрөгийн баримтын дээжис

Манай үзэсгэлэн нь Монгол Улсын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, орон нутгийн болон төрөлжсөн архивуудын сан хөмрөгийн дээжээс сонгомол бичиг баримт, гэрэл зураг, баримтат кино зэрэг ойролцоогоог 120 орчим үзмэрээс бүрдэж байна. 
Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд нь XVIII зууны эхнээс 2015 он хүртэлх зуу гаруй жилийн хугацаан дахь Архивын албаны түүхэн тойм, мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй ард олон тэр бүр үзэж танилцаад байдаггүй ховор чухал албан хэрэг хөтлөлт, архив болон данс бичгийн өв соёлын уламжлалыг танилцуулахад чиглэгдсэн болно. 
“Монгол Улсын архивын албаны үүсэл хөгжил, уламжлал, шинэчлэл-90 жил” сэдэвт үзэсгэлэнгийн онцлог бичиг баримт гэвэл, Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга, 1674 оны Их жанжин төрийн бэйлээс Баруун хилийг төвшитгөх их ванд “хол дахиныг амгалан болгож хулгайг арилгах” талаар илгээсэн бичиг, Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, Анхдугаар үндсэн хуулийн эх /1924.11.26/, Мэгжид Жанрайсаг сүмийн байрыг Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ, 1952 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Маршал Х.Чойбалсан Улсын архивын газарт хүрэлцэн ирж, ажил байдалтай танилцсан илтгэл, Архивын ажлын талаар авах зарим арга хэмжээ болон Улсын архивын хэрэг эрхлэх төв газрын дүрэм баталсан тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тогтоол зэрэг Архивын байгууллагын түүхэнд гарч байсан Засгийн газрын тогтоолууд, орон нутгийн болон төрөлжсөн архивуудын баримтын дээж, Орчин цагийн Архивын албаны түүхэн хөгжилд холбогдох олон сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино тавигдсан юм. 
Түүнчлэн тус үзэсгэлэнд албан хэрэг хөтлөлт, архивын салбарт хэрэглэгдэж байсан тамга, тэмдэг, гэрэл зургийн хальс унших техник, ахмад архивчдын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг биет үзмэрүүд тавигдсан болно. 
Үзэсгэлэн Архивын ерөнхий газрын байранд 12 дугаар сарын 10-ыг хүртэл иргэдэд нээлттэй байна. 
Мөн энэ өдөр “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хурлыг Архив судлал, Архивын баримт судлал гэсэн хоёр салбар хуралдаанаар зохион байгуулна. Хуралд нийт 32 эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд архивын албаны үүсэл хөгжил, архивын сан хөмрөгийн ховор чухал баримтууд, архивын хадгалалт хамгаалт, төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх техник эдийн засгийн үндэслэл зэрэг онц сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh