Thu09212017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД КИНО АРХИВЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 57 ЖИЛИЙН ОЙН ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД КИНО АРХИВЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 57 ЖИЛИЙН ОЙН ТОХИОЖ БАЙНА

Одоогоос 57 жилийн тэртээ 1960 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 216-р тогтоолоор Урлагийн хэрэг эрхлэх хорооны харьяанд Кино, зургийн архивыг анхлан байгуулжээ. Урлагийн хэрэг эрхлэх хорооны даргын 78-р тушаалаар Кино зургийн архивын даргаар Чогсомын Дашдондогийг томилон 9-р сарын 5-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 
Кино зургийн архив нь 2 хүний орон тоотой ажиллаж байсан хэдий ч кино баримт материалыг хадгалж хамгаалах, улс орны амьд түүхэн дүр төрхийг цуглуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
1967 онд Сайд нарын зөвлөлийн 142-р тогтоолоор тус архивыг кино, гэрэл зураг, дуу авианы архив болгон өргөтгөж, кино баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сан хөмрөгийг нөхөн баяжуулахтай холбогдсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Тухайн үед Кино, гэрэл зураг, дуу авианы архив нь “Кино үйлдвэр”-ийн хашаан дахь нэг давхар ягаан байранд байрлаж байв. 
1975 онд кино, гэрэл зураг, дуу авианы баримт хадгалах зориулалттай архивын байртай болсноор энэ төрлийн баримтын хадгаламжийн багтаамж нэмэгдсэн байна. Мөн кино баримтанд техник боловсруулалт хийх, сэргээн шинэтгэх, хувилж олшруулах аппарат, техник тоног төхөөрөмжтэй болсоноос гадна мэргэжлийн боловсон хүчнийг Монгол кино үйлдвэрийн дэргэдэх 6 сарын тусгай дамжаанд анхлан 13 хүнийг суралцуулан бэлтгэснээр тус архивын үйл ажиллагаа илүү өргөжин тэлсэн байна.
Харин 1984 оны Сайд нарын зөвлөлийн 71-р тогтоолоор Кино, дуу, дүрсний баримтын төв архив, 1996 оноос эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний архивын Кино, дуу, дүрсний баримтын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна. 
Өдгөө тус архив нь 3 сан хөмрөгтэй, 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 
Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив нь Монголын ард түмний соёлын үнэт өв болох кино, гэрэл зураг, түүхэн болон биет хүмүүсийн дуу хоолойн бичлэгийг хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, үнэт болон хосгүй үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, архивын мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, техник, технологийн шинэчлэл хийх зорилтыг өмнөө тавин ажиллаж байна. 
Сан хөмрөгийн бүрэлдэхүүн: 
Киноны сан хөмрөгт 35 мм-ийн хальс:
- Баримтат кино /1938-2007 оны 1013 нэрийн 9867 бүлэг/
- Кино мэдээ ба түүхийн хүрд /1947-2007 оны 1011 нэрийн 4497 бүлэг/
- Уран сайхны кино /1936-2000 оны 212 нэрийн 6925 бүлэг/
- Орчуулгын кино /1947-1980 оны 1575 бүлэг/
Гэрэл зургийн сан хөмрөгт:
- Гэрэл зураг /1913-2008 оны 128565 хадгаламжийн нэгж/
- Гэрэл зургийн цомог /1920-2009 оны 344 хадгаламжийн нэгж/
Дуу авианы сан хөмрөгт:
- Дуу авианы баримт /1947-1991 оны 692 хадгаламжийн нэгж/
- Дүрс бичлэгийн хуурцаг /1997-2004 оны 84 хадгаламжийн нэгж/
- Олон улсын фонограмм /1966-1991 оны 583 хадгаламжийн нэгж/
- Пянз /1919-1986 оны 77 хадгаламжийн нэгж/ зэрэг баримт хадгалагдаж байна.

Кино архивын салбарыг хөгжүүлж, Монгол Улсын түүхийг нандигнан хадгалж, хойч үедээ бүрэн бүтнээр өвлүүлэх ариун үйлсэд залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад архивчид болон өдгөө кино архивын салбарт ажиллаж буй нийт архивчиддаа түүхт 57 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Add comment

Security code
Refresh