Sat06242017

Үйл явдлын тойм

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн ...

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн...

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

 

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдр...

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Яг одоо жанжин Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа...

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль з...

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН  СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын х...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгу...

Back МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙГ БҮГД ЗАХИРАН ШИЙТГЭГЧ ЯАМ

МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙГ БҮГД ЗАХИРАН ШИЙТГЭГЧ ЯАМ

  • PDF

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙГ БҮГД ЗАХИРАН ШИЙТГЭГЧ ЯАМНЫ БҮТЭЦ, ЭРХЛЭН ХАРИУЦАХ АЖЛЫН ТУХАЙ.

ДХБЗШЯ бол 1911 оны 12 дугаар сарын 29-нд анх үйл ажиллагаагаа эхэлж улсын хэмжээний төрийн захиргааны олон талт албыг шууд эрхлэн хариуцаж байсан бөгөөд зарим чухал буюу нэн яаралтай аливаа зүйлийг Богд эзэн хаанд уламжлан айлтгаж эцсийн шийдвэр гаргуулж байлаа.

Тус яам нь удирдаж байсан тэргүүн, дэд сайдууд, эрхэлсэн түшмэл, дэс түшмэл, эх бичиг зохиогч түшмэл, эх зохиогч түшмэл, жинхэнэ бичээч зэрэг албан хаагчдын бурэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байв.

1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хааны Зарлигаар Монгол улсын засгийн газрыг байгуулахад төрийн таван яамны тэргүүн болох Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдад Г.Цэрэнчимэдийг, дэд сайд нарт Сайн ноён хан аймгийн Далай чойнхор засаг ван Г.Цэдэнсоном, Сэцэн хан аймгийн Сэцэн засаг ван Ц.Гомбосүрэн нарыг дэс түшмэлд гүн Б.Хайсан, Баатар засаг гүн Лхам нарыг тус тус томилжээ. Тухайн үед ван Цэдэнсоном хувийн гачигдалтай учир нутагтаа түр саатаж байгаад 1912 оны 1 дүгээр сарын 23-нд дэд сайдын албаа хүлээн авчээ. (ҮТА Х-А3,Д-1,ХН-3, 37)

Богд хаанаас 1911 оны 12 дугаар сарын 29-нд буулгасан Зарлигаар тус яамны дэд сайдын орон тоог хоёроор тогтоосон боловч зарим үед хэсэг зуур гурван дэд сайд ажиллаж байжээ. Жишээлбэл, 1912 онд Насанравжихыг тус яамны гурав дахь дэд сайдаар томилсон Зарлиг бий. (ҮТА Х-А3,Д-1,ХН-10,) мөн 1915 оны 2 дугаар сарын 18-нд үйлдсэн нэгэн албан бичгээс үзвэл Цэрэнням, Пунцагцэрэн, Пунцагдорж зэрэг гурван хүн тус дэд сайдын тушаалд ажиллаж байжээ.

Дотоод яамны тэргүүн сайд нар

Тэргүүн сайдын нэр

Алба хашсан огноо

Алба хашсан хугацаа

1

Г.Цэрэнчимэд

1911.12.29-нөөс 1914.06.30

2 жил 6 сар 3 хоног

2

Дашжав

1914.07.10-наас 1915.10.15

1 жил 3 сар 7 хоног

3

Г.Бадамдорж

1915.10.15-наас 1919.11.22

4 жил 1 сар 7 хоног

Эдгээр сайд цөмөөрөө ямар ч угсаа сурвалжгүй шашны номд зэгсэн суралцсан, төр засах ухаанд дадаж гаршсан лам нар байлаа. Харин дээрх хугацаанд тус яамны дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс цөм засаг ба сул ноёд өөрөөр хэлбэл лам хувраг биш байлаа.

1912 оны сүүлч 1913 оны эхээр Бүгд ерөнхийлэн захирах яам, бусад яамд хамтран зөвлөж төрийн яамдын эрх үүрэг хариуцан шийтгэх хэрэг буюу үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж Богд хаанд айлтгаж Зарлигаар батлуулсан бөгөөд Дотоод яамны үндсэн үүрэг нь улсын хэмжээний элдэв хэргийг эрхэлж нутаг үндэс, хүн ам, газар орон, зах хязгаар өртөөг захирах, дагаар орогсдыг агуулах, тохинуулах, сайд, ноёд, түшмэдийг тушаалд дэвшүүлэх, улируулах, хэрэглэх, түшмэл тавих, хуулийг нийгэм тэгш болгох шалган байцаах, гавъяа эндэгдлийг ялгах, хөхиүлэх, өргөмжлөх, нэхэн өргөмжлөх, түшмэл залгамжлах, хад, ноёд, түшмэд, хатдад шагнах өргөмжлөлийн эх зохиох, уламжлан айлтгах зэрэг хэргийг эрхэлнэ. Бас хууль дүрмийг засаж шинэчлэх, эрдэнэ тамга цутгах, тайх, тавиглах, баярын ёслол, бэлэвсрэлийн ёслол, зочдыг зочлох, хуримыг базаах зэрэг хэргийг эрхэлж хариуцах үүрэгтэй байв.

1915 онд хуралдсан Хиагтын гурван улсын бага хурлын шийдвэрээр Монголын бүрэн эрхт байдлыг цуцлаж ДИУ-ын харьяат автономит улс болгосон учир Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Бүгд ерөнхийлэн захирах яам, Шашин төрд туслах сайдын яамыг татан буулгаад эдгээр хоёр яамны хариуцаж байсан үүрэгт ажлыг ДХБЗШЯ-нд шилжүүлсэн байна.

Үүнээс хойш тус яамны үндсэн үүрэгт ажлын цар хүрээ улам өргөжиж нийт ард иргэдийн амь зуулга аж төрөлд холбогдох бүх хэрэг явдал, мөн олон хутагт хувилгаан лам нарт хэргэм ямба цол шагнуулах, сүмд нэр шагнах хутагт нарыг тодруулж ширээнд залах зэрэг олон ажил шууд эрхлэн хариуцах болжээ. Иймээс 1915 оны сүүлч 1916 оны эхээр тус яамны эрх баригчид Богд хаанд уламжлан харьяат яамны бүтэц зохион байгуулалтад зарим өөрчлөлт оруулжээ. Тухайлбал тус яаманд Дотоод засгийг эрхлэх төв хэлтэс, түшмэлийн засгийг эрхлэх зүүн этгээд хэлтэс, Ёслолын хэргийг эрхэлсэн баруун этгээд хэлтэс хэмээх гурван хэлтэстэй болгожээ.

Гэтэл 1918 оны сүүлчээс дагаж шийтгүүлэх болсон «Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг»-ийн хоёр, гуравдугаар дэвтэрт бүх яамны албан тушаалтны орон тоо, эрхлэн хариуцах ажлыг тодорхойлохдоо энэхүү Зарлигт дурдсан зүйлээс арай өөрөөр заасан байна.

Тухайлбал, тус яамны гурван хэлтсийг зүг чигийн байрлалаар бус хариуцах ажил төрлийнх нь агуулгаар түшмэл, ёслол, төв хэлтэс хэмээн нэрлэх болж хэлтэс тус бүрийн орон тоо, үүрэгт ажлыг нарийвчлан зааж өгсөн юм. Тэрхүү хууль зүйлийн бичигт зааснаар тус яаманд «тэргүүн сайд нэгэн ор, дэд сайд хоёр ор, эрхэлсэн түшмэл нэгэн ор, дэс түшмэл хоёр ор, дэс түшмэлийн зэрэг ёслолыг удирдагч түшмэл нэгэн орон, харьяат яамнаас эрхэлж тохоох эх бичиг зохиогч түшмэл зургаан ор, эх зохиогч түшмэлийн зэрэг ёслолыг удирдагч түшмэл нэгэн ор, жинхэнэ бичээч арван хоёр ор, яамнысав хэрэглэлийг эрхэлж сахих нярав нэгэн ор, хаалгын дарга нэгэн ор, зарлага таван ор, хаалга сахигч дөрвөн ор, галч дөрвөн орон тоотой» байх болжээ.

Үндсэн үүрэгт ажил гэвэл тус яамны тэргүүн, дэд сайдууд нь аливаа дотоод засгийн үндсэнд холбогдох хэргийг эрхлэн захирч шийтгэнэ. Түшмэлийн хэлтэст эх бичиг зохиогч гурван хүн, жинхэнэ бичээч таван хүн, олон ван, гүн, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн бичмэл дансыг хянан хадгалах ба түшмэлийн засаг, албаны дүрмийг эрхэлж, шашин суртал, лам нарын хэргийн бичиг харааг хавсарган шийтгэнэ. Ёслолын хэлтэст ёслолыг удирдагч түшмэл хоёр хүн, эх бичиг зохиогч түшмэл нэгэн хүн, жинхэнэ бичээч хоёр хүн аливаа ёслолын хэрэг зүйлийг эрхлэн шийтгэнэ. Төв хэлтэст эх бичиг зохиогч түшмэл хоёр хүн, жинхэнэ бичээч таван хүн, улсын шастир, хууль зүйл, гэрээ бичиг, өрх амын данс, газар орны зургийг хадгалж зах хязгаар нутаг үндэсэнд холбогдох хэрэг, өртөөний засгийг эрхэлнэ.(Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг. УБ.1995.11,13 дахь талд) гэжээ.

Дээр дурдсан Зарлиг ба энэ хуулийн заалтаас ажиглахад тус яамны үүрэг, үйл ажиллагааны чиглэл 1911-1919 онд бага зэрэг өөрчлөгдөж байсныг тоймлон өгүүлье. Үүнд

1. 1911 оны 12 дугаар сарын 29-нөөс 1919 оны 11 дүгээр сарын 22-ныг дуустал 7 жил 10 сар 25 хоног үйл ажиллагаа явуулахдаа эхний хагаст нь буюу анх байгуулагдсан өдрөөсөө 1915 оны 6-р сарын 6-ныг дуустал 3 жил 5 сар 10 хоногт өөрийн үндсэн үүрэгт ажил болох дотоод, гадаад хэрэгт хамааралтай, аливаа хэрэг явдлыг бүрэн эрхтэй хариуцаж Богд хаанд толилуулан шийдвэрлүүлж байлаа.

2. Хиагтын гурван улсын бага хурлаас Монголыг ДИУ-д автономит эрхтэй харьяалуулах болсноос эхлээд хятадын цэргийн эрхтнүүд Монголын автономит эрхийг цуцлаж ДИУ-ын дотоод бүтцэд багтаасан 1919 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэл 4 жил 5 сар 5 хоногт тус яам зөвхөн улс орны дотоодод холбогдох хэргийг хариуцаж, хязгаарын сайдууд, Ховд, Улиастай, Хиагт, Урианхайн сайдуудын үйл ажиллагааг удирдаж байжээ.

* * *

1921 оны 2 дугаар сарын 22-нд Монголын төрийг сэргээн тунхаглахад Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалыг ерөнхийлэн шийтгэгч сайд С.Дамдинбазарт хавсруулж, дэд сайд нарт гүн Б.Цэрэндорж, Жонон засаг ван Цогбадрах нарыг томилжээ.

* * *

1921 оны 7 дугаар сарын 10-нд Ардын засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайдаар Их шавийн да лам Пунцагдорж, дэд сайдад буриад гүн Цэвээн, эрхэлсэн түшмэлд Сэцэн хан аймгийн Эрх засгийн хошууны түшмэл Догсом, ёслолыг удирдагч түшмэлд Түшээт хан аймгийн Эрдэнэ далай засгийн хошууны бэйс Гомбосүрэн нарыг томилж байжээ.

ХОЁР. ТУС ЯАМНЫ БАРИМТ СУРВАЛЖИЙН ТУХАЙ

Хорьдугаар зууны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн судалгаа шинжилгээнд тэргүүлэх учир холбогдолтой хэдэн мянган баримт сурвалжийг Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж байгаагийн заримыг 1930-аад оноос эхлэн төвийн сонин сэтгүүл, ном товхимолд нийтлэж байв. Манжийн ноёрхлыг устгаж Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг сэргээн тунхагласны 70 жилийн ойд зориулж 1982 онд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, НАХЯ-ны дэргэдэх Улсын архивын хэрэг эрхлэх газраас хамтран хэвлүүлсэн эмхтгэлийн 110-285 дахь талд (№51-154) 104 баримтыг хэвлэсний дийлэнх нь 1911 оны 11 дүгээр сард байгуулсан Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлэн Захиран шийтгэх Газар болон Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны баримт бичгүүд байв.[1]

1911 оны 12 дугаар сарын 29-нд Монголын шашны тэргүүн Богд Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжлөн Засгийн газрыг таван яамтай байгуулахад Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яаманд бусад яамнаас давуу эрх олгосноор 1912 онд Бүгд Ерөнхийлэн Захирах Яам буюу Засгийн газар байгуулах хүртэл тус яамны тэргүүн сайд Г.Цэрэнчимэд бээр чухамдаа ерөнхий сайдын үүрэг хүлээж улсын хэмжээний бүх бодлого боловсруулахад бусад яамдаа удирдан чиглүүлж байв. Иймээс тус яамны боловсруулсан баримт бичгүүд нь 1911-1919 оны Монголын түүхийн судалгаанд онцгой учир холбогдолтой билээ. Гэвч тэдгээр баримтыг судлаачид эдүгээ хүртэл харьцангуй бага ашиглаж ирлээ. Энэ нь ч зохих шалтгаантай. Тиймээс Дотоод яамны боловсруулсан баримт бичгээс 320 гаруйг энэхүү эмхтгэлд багтаасны дийлэнх нь үүнээс өмнө ер олны хүртээл болж байгаагүй билээ.1911-1919 онд Монголын төр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, хил хязгаараа сахин хамгаалах, хөрш зэргэлдээ улсууд болон дэлхийн том гүрнүүдтэй эвсэг найрсаг харилцаа тогтоох, эдийн засаг, санхүү, аж ахуй, боловсрол, соёлоо хөгжүүлэх уламжлалт шашнаа цэвэр ариунаар мандуулан сүслэн дээдлэх талаар боловсруулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны түүхийг улируулан шинжлэхэд эдгээр баримт сурвалжууд зохих тус дөхөм болох нь лавтай.

Монголын төр 1911 оны сүүлчээс эхлэн улс орныхоо тусгаар бүрэн эрхт байдлыг ДИУ, Хаант Орос ба дэлхийн бусад улсуудаар зөвшөөрүүлэхийг хичээж, уян хатан бөгөөд алсыг харсан ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг хичээж байлаа. Гэвч Хятад, Оросын эрх баригчид сэм нууцаар үгсэн хуйвалдаж 1913 оны өвөл Бээжин хотноо албан ёсоор тохиролцож, Монголын хувь заяаг дур мэдэн шийдвэрлэснээ 1915 оны 6 дугаар сард Хиагтын гурван улсын гэрээгээр Монголын удирдагчдад хүчээр тулган хүлээлгэсэн билээ. Энэ үеэс эхлэн Монголын төр улс орноо жолоодох эрхгүй болсноор 1911-ээс 1915 онд хэрэгжүүлж байсан олон талт бодлого, үйл ажиллагааны нилээд нь тасалдах буюу зогсоход хүрсэн юм. Ялангуяа Өвөр Монгол, Барга, Цахар, Дээд Монгол, Шинэ хязгаар, Танну Урианхайн монголчуудыг нэгтгэн захирсан Нармай их улс байгуулах бодлого бүр мөсөн зогсож зөвхөн Халх, Ховдын хязгаарыг хамарсан нутаг дэвсгэр, Автономит Монголын эрх мэдэлд үлдсэн юм.

1912 онд Богд хааны Зарлигаар шинэ тутам байгуулсан Бүгд Ерөнхийлэн Захирах Яам, Гаалийн Яам, Шашин Төрд Туслах Яамыг татан буулгаснаар Монголын засгийн газрын үйл ажиллагааны зарим нь ялангуяа төрийн эдийн засгийн бодлого доголдоход хүрсэн байна. Жишээлбэл, Монгол нутгийн газрын хэвлийн баялаг, ой мод, мал, малын ноос, ангийн үс, эмийн ургамал зэрэг олон зүйлийг олборлох, ашиглах, экспортлох талаар 1912-1915 онд Засгийн газраас боловсруулан дагаж шийтгүүлсэн олон дүрэм журмын заалтыг хэрэгжүүлэхэд Орос, Хятадын зүгээс хориг тавих, элдэв болзол тулган сүрдүүлж байсны уршгаар улс орны санхүүгийн эх үүсвэр хомстжээ. Үүнээс гадна 1913 оноос эхлэн Хаант Оросод хөвгүүд залуусыг иргэний чиглэлийн сургуульд суралцуулж байсныг цааш үргэлжүүлэх боломжгүй болсон байна.

Гэвч Монголын төр ялангуяа Дотоод яам улсын хэмжээний бодлого боловсруулахад урьдын адил тэргүүлэх байр сууриа үргэлжлүүлэхийг хичээж,улс Монголынхоо төлөө их үйлсэд амин чухал хэрэгтэй санал боловсруулан Богд хаантнаа толилуулан айлтгаж, ихэнхийг нь зөвшөөрүүлэн дагаж шийтгүүлж байсныг энэхүү эмхтгэлд багтаалаа. 1990-ээд оноос эхлэн бүх нийтийн сайн мэдэх болсон “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”, “Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир” зэрэг олон чухал баримт бичиг боловсруулах санаачлагыг Дотоод яам гаргаж, эхнээс нь дуустал байнга хянаж, зөвлөж байжээ.

Жич 1919 онд Дундад Иргэн Улсын цэргийн эрхтнүүд Монголын автономит засгийг хүчээр устгаж, өөрийнхөө бүрэлдэхүүнд багтаасантай холбогдох нэн чухал баримтууд Үндэсний төв архиваас огт олдохгүй байгаа нь харамсалтай. Бодоход энэ талын бүх баримт эдүгээ БНХАУ-ын аль нэгэн архивт байж болзошгүйг тэмдэглэхийн сацуу цаашид эрж хайх нь зүйтэй хэмээн үзэж байна.

МУИС-ын багш Харнууд З.ЛОНЖИД

МАЗУГ-ын ЭША Г.НАМНАНСҮРЭН

2017-04-17

 

 



[1] Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэл. Баримт бичгийн эмхтгэл (1900-1914) Эмхтгэсэн А.Очир, Г.Пүрвээ, Өмнөх үг бичсэн Ш.Сандаг, Тайлбар бичсэн А.Очир

Add comment

Security code
Refresh