Mon12112017

Үйл явдлын тойм

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

АРХИВЫН САЛБАРЫН “УРЛАГИЙН НААДАМ” БОЛЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Архивын салбар, төрийн хариуцлагатай албанд цохило...

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

АРХИВЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсө...

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

“ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ-90 ЖИЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салба...

Back САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХААНТ ОРОС УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛД ХОЛБОГДОХ ХУУЧИН ДАНС ХАРААНЫ БАРИМТУУД

САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХААНТ ОРОС УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛД ХОЛБОГДОХ ХУУЧИН ДАНС ХАРААНЫ БАРИМТУУД

  • PDF

Дашням Г. /Ph.D/

Монгол улсын гадаад харилцааны түүхэнд 1913-1914 оны заагт Шадар сайд, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын  төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлал нэн хүндтэй байр суурь эзэлнэ. Энэ айлчлал нь Монгол улсын Засгийн газрын тэргүүн гадаад улсад хийсэн анхны айлчлал байлаа. Монгол улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт уг айлчлалын түүхэнд холбогдох баримтат кино, гэрэл зураг, баримт бичиг зэрэг хосгүй үнэт баримт цөөнгүй хадгалагдаж байна. Тэдгээрийг тоймлон танилцуулахын өмнө уг айлчлалын тухай дөхөм тодотгон өгүүлье.

I. Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын

Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчилсан нь

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд сэргээн байгуулагдсан Монгол улсын Засгийн газраас тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх дэс дараатай арга хэмжээ, оролдлого хийсний дотор 1912-1913 онд Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ, дайчин хошой чин ван М.Ханддорж, 1913-1914 онд Бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд Түмэнхэн номун эзэн, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлал онцгой үйл явдал байлаа.

1913 оны сүүлч болоход Монгол улсын гадаад, дотоод байдал тун ээдрээтэй хүнд болсон байна. Дэлхийн хэмжээнд /Төвдийг эс тооцвол/ Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ганц ч улс байгаагүйгээс гадна гадаад түшиг тулгуур болж байсан Хаант Орос улс нь Монгол улсын ар хударгаар Дундад Иргэн улстай нууц хэлэлцээр хийх болжээ. Монгол улсын эрх баригчид Хаант Орос улсын тусламж, гүйцэтгэж байсан үүргийг орлох гуравдагч улс орныг хайн Япон улстай холбоо тогтоохыг оролдож байсан боловч амжилт олохгүй байв. Улс орны дотоодод шинэ төр улсаа төвхнүүлэх шаардлага, цэрэг дайны зардлаас шалтгаалан эдийн засаг, санхүүгийн байдал ихээхэн хүндэрсэн байлаа. Ийм нөхцөлд Дундад Иргэн улсын зүгээс явуулж байсан хүчээр нэгтгэх бодлогыг өөрийн цэрэг зэвсгийн хүчээр цаашид тогтоон барьж байх хүч, боломж шавхагдах болсон юм. Тиймээс Оросын Цагаан хааны амгаланг эрж “Улсын бичиг”, “Эрдэнийн очир” одонг гардуулах, Хаант Орос улсаар нийт монголчуудаа нэгтгэн нэгдсэн тусгаар улс болох тэмцлээ дэмжүүлэх, зэр зэвсэг, санхүүгийн тусламж нэмж авах, Петербургт Монгол улсын Элчин сайдыг суулгах зөвшөөрөл олох, Англи, Франц, Япон зэрэг улсын ЭСЯ-д Богд хааны нэрийн өмнөөс бэлтгэсэн “Улсын бичиг” гардуулах, Монгол улсын тусгаар тогтнолын хэрэгт тусалж магадгүй бусад улстай холбоо тогтоох зэрэг зорилгоор Засгийн газрын тусгай төлөөлөгчдийг Хаант Орос улсад илгээхээр шийдвэрлэжээ.

Монгол улсын бүрэн эрх барих төлөөлөгчдийн тэргүүнд Монгол улсын шадар сайд, Бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Шүүх таслах яамны дэд сайд, Өвөр Монголын Засагт чин ван Удай нар томилогдож, Олноо өргөгдсөний 3 дугаар оны 10 дугаар сарын шинийн 1 буюу аргын тооллоор 1913 оны 10 сарын 30-нд Нийслэл Хүрээнээс Гадаад яамны дэд сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндорж, Цэргийн яамны орлосон дэд сайд, дэс түшмэл дэд зэрэг залан Чимэддорж, Бүгд ерөнхийлөн захирах яамны эх зохиох түшмэл, туслагч Цогт-Очир, хэлмэрч Гадаад яамны орчуулагч түшмэл Ж.Цэвээн, бага хэлмэрч Намтайжав болон бусад дагалдах хүмүүсийн хамт морджээ.

Төлөөлөгчдийг Петербургт хүрэлцэн очих зуур Хаант Орос улс, Дундад Иргэн улс нь Бээжин хотод “Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” гэдэг 5 зүйл бүхий тунхаглалыг эцэслэн үзэглэж, түүнтэйгээ холбогдсон нот бичгийг солилцсон байна. Төлөөлөгчид 1913 оны 11 сарын 14-нд гэдрэг мэдэгдэхдээ, «Оросын сонин бичигт Орос, Хятад манай Гадаад Монголын дээд эрхийг Хятадад үлдээж, гэрээ бичиг тогтоож тамга дарсан. Нарийн учрыг мэдээд дараа айлтгах явдлыг хамтад уламжлан айлтгах ажааму» гэжээ. Мөн төлөөлөгчдийг Хаант Орос улсад байх хугацаанд Өвөр Монголд Хятадын цэргийн түрэмгийллийн эсрэг явуулж байсан байлдааны ажиллагааг зогсоож, монгол цэргийг гэдрэг татжээ. Энэ бүхэн нь Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэлд зохих ёсоор нөлөөлсөн байна. Төлөөлөгчид, Петербургээс буцахын өмнө өөрсдийн үйл ажиллагааны тухай явуулсан цахилгаанд «их хэргийг чадваас бүрэн эрхээн эзэрхэн бүх Монголоо нийлэлдүүлэн авах ба эс боловч бүгдийг нийлэлдүүлэн, тусалсаар буй хүчирхэг газар холбоотой болж, Хятадаас нэгмөсөн салах зэргийг оролдож буй» гэжээ. Үүнээс үзвэл төлөөлөгчдийн гол зорилго нь нэгд: Хятадын захиргаанд буй монголчуудаа нэгтгэн «бүрэн эрхээн эзэрхсэн» буюу тусгаар тогтносон нэгдсэн Монгол улс байгуулах, хоёрт: «эс чадвал, хүчирхэг газар холбоотой болж» буюу ямар нэг гадаад улсын тусламж ивээлд багтан монголчуудаа нэгтгэн, Хятадаас салах, энэ хэрэгтээ тусламж дэмжлэг олох явдал байжээ. Төлөөлөгчдийн хийж байсан аливаа яриа хэлцэл, үйл ажиллагаа нь дээрх зорилгод захирагдаж байсан байна.

Сайн ноён хан Т.Намнансүрэн, Засагт чин ван Удай нар Нийслэл Хүрээн дэх Засгийн газартайгаа нууц цахилгаан мэдээгээр байнга харилцаж, заавар зөвлөгөө авч ажиллаж байснаас гадна Нийслэл Хүрээнээс тусгай нууц элч /Цогт Гармаев Бадмажапов/-ээр бичиг авахуулан Петербургт илгээн харилцаж байв. Монгол Улсын Засгийн газраас төлөөлөгчдөд удаа дараа явуулсан цахилгаанд урьд даалгасан хэргийн дээр Хаант Орос улс, Дундад Иргэн улсын хооронд байгуулсан тунхаглал, солилцсон нотод Монгол улсад ямар эрх олгосныг тодруулах, уг тунхаглал нотын талаарх Монгол улсын байр суурийг Хаант Орос улсын Засгийн газар болон Петербургт суугаа Элчин сайдын яамдаар нь дамжуулан бусад улсад танилцуулах, «олон улсын хүмүүн нар ба элчин сайдад илэрхий, нууц ая зүйг эрж уулзаж, ашиг эрх өгнө хэмээх зэргээр хэлэлцэж, Монгол олныг нэгтгэн Хятадаас холбоо тасрахыг улмаар хичээх», гадаад олон улсад төлөөлөгч илгээж болох, эсэхийг мэдэх, Дундад Иргэн улсын цэрэг Өвөр Монголын хүн ардыг алж хядаж түйвээж буйг дипломат аргаар зогсоолгох зэргийг нэмэн даалгаж байжээ.

Хаант Орос улс нь Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийг өндөр хэмжээнд хүлээн авчээ. Оросын хаан II Николай Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Крымийн Ялтын ойролцоох Ливадийн ордонд албан ёсоор хүлээн авч уулзахад Сайн ноён хан Т.Намнансүрэн “Улсын бичиг “-ийг өргөн барьж, II Николай хаан болон хаан хүүд Монгол улсын «Эрдэнийн очир» одонг гардуулж, улсын хэргийг хэлэлцжээ. II Николай хаан Монголын төлөөлөгчдийн тэргүүдийг Хаант Орос улсын төрийн дээд шагнал одонгоор шагнаж, төлөөлөгчидтэй найрсгаар ярилцан, Богд хаантаны амар амгаланг эрэхийн хамт төлөөлөгчдийн хүсэлтийн хариуд, «танай улсыг би лав үргэлжид тусална. Харин ч манай улсад тустай улс болгохыг санана» хэмээн мэдэгджээ. Оросын II Николай хаанаас төлөөлөгчдөд үзүүлсэн ёслол хүндэтгэл, найрсаг хандлага нь Сайн ноён хан Т.Намнансүрэнд өндөр сэтгэгдэл төрүүлж «эзэн хаан манайд туслах хэмээх нь лав буй за. Гагцхүү Засгийн газар нь хөдлөхгүй мэт» гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн байна.

Төлөөлөгчид даалгасан үүргийг гүйцэтгэхийн тулд Оросын хаан II Николайгаас гадна Сайд нарын Зөвлөлийн дарга В.Н.Коковцов болон холбогдох яамдын сайд, түшмэдтэй уулзан хэлэлцжээ. Тийнхүү хэлэлцэх явцад Орос-Хятадын Бээжингийн тунхаглал, нотод Монгол улсын төрийн статусын тухай гурван этгээдээр хамт нийлэн хэлэлцэхээр тогтсоныг зөвшөөрөхийн хамт Монголын язгуур газар нутгийг Хятадын хэмээсэн, Монгол улсад нэг үндэс угсааны монголчууд, дагаар орсон монголчуудыг “хамаагүй“ болгон тогтоосныг хэрхэвч хүлээн зөвшөөрч үл чадахыг удаа дараа тайлбарлан илтгэсэн байна. Гэвч Хаант Орос улсын зүгээс тайлбарыг хүлээн авахаас татгалзаж, «гурван этгээдээр гэрээ тогтоохоос нааш илэрхий, далд алин боловч тусалж чадахгүй» хэмээн мэдэгдэж, уг заалтыг хүлээн зөвшөөрөхийг хүчлэн ятгаж, нэмж зэр зэвсэг, санхүүгийн болон бусад тусламж үзүүлэхийг зогсоохоор сүрдүүлэн шахамдуулсан ажээ. Төлөөлөгчид, Хаант Орос улстай хэлэлцэн тохиролцохын тулд Засгийн газрынхаа зөвшөөрснөөр Баргыг эргүүлэн авах болзолтойгоор Хөлөнбуйр, Жирэмийн чуулганы нутгаар тавигдсан төмөр замын тухай гэрээг Орост ашигтайгаар байгуулах, 1912 онд Урианхайг эзэрхэн авсан Оросын талын ажиллагааг зөвшөөрөх зэргээр найр тавихын хамт Монгол дахь Оросын худалдаанаас гааль авах асуудлыг сөргүүлэн тавьжээ.

Эцэст нь Хаант Орос улс, Дундад Иргэн улсын Бээжингийн тунхаглал, нотын заалтыг 3 этгээдийн гэрээгээр хэлэлцэх, Монгол улс нь Орос улсын санхүүгийн зөвлөх суулгах болзолтойгоор 3 сая рублийн зээл авах, үхэр буу 6, пулемёт буу 4, винтов буу 2 түмийг сумны хамт хагас үнийг нь бэлэн өгөх, үлдэх үнийг нь нэг жилийн дотор төлж дуусгах болзлоор өгч авалцах, Өвөр Монголд хятад цэрэг их хэмжээгээр нэвтрэн орж түйвээж байгааг Хаант Орос улс дипломатын шугамаар зогсоохоор тохиролцжээ.

Хаант Орос улс нь Монголын төлөөлөгчдийн тавьсан хүсэлтийг хүлээж авалгүй өөрийн байр суурийг тулган хүлээлгэхийг эхнээсээ оролдож байсан тул төлөөлөгчид даалгасан ёсоор гадаадын бусад хүчирхэг улстай холбоо тогтоох, тусламж дэмжлэг авахыг идэвхийлэн оролдсон байна. Гэвч тэр оролдлого нь Хаант Орос улсын хатуу хяналтын дор явагдаж байлаа. Монголын төлөөлөгчид Орос, Хятадын Бээжингийн тунхаглал, нотын талаарх Монгол улсын байр суурийг тайлбарласан нот бичгийг Хаант Орос улсын Гадаад яам, Петербург дахь ДИУ-ын Элчин сайдад өгснөөс гадна 1913 оны 12 сарын 21-нд Франц, Англи, Америк, Япон, Герман, Итали, Австри-Унгар, Турк, Голланд, Дани  улсын Элчин сайдын яаманд өгсөнд, ДИУ-ын Элчин сайд уг нотыг хүлээн авалгүй дагалдах бичгийн хамт эгүүлэн өгч, бусад нь «дуртай хүлээн авсан» боловч хариу өгсөнгүй. Тэрхүү нот бичигт Монгол улсын Засгийн газрын байр суурь нэн тодорхой тусгагдсаныг сийрүүлбэл, «...манай Монгол улсын Засгийн газраас сануулах нь, манай Монгол улс Хятадын холбооноос нэгэнт салсан учраа Монгол улсын зөвшөөрөлгүй тогтоосон ямар ч холбоог хүлээхгүй явдлыг илтгэж Орос, Хятад хоёр улсын Засгийн газраа хэдийнээс удаа дараа мэдтүгэй хэмээн явуулсан зүйл буй тул энэхүү ухуулан зарлах гэрээ бичиг ба солилцсон албаны бичгийн дотор Монгол, Хятад хоёрын харилцан холбогдох явдлын тухай хэрхэн шийтгэх эрхийг манай Монгол улс өөрөөн мэдэх ба бас Монгол улсад дуртайяа дагаар орсон монголчуудыг бүрнээ нэгтгэн авч хил хязгаарыг тодорхойлон тогтоож, Монгол улсын язгуурын өөрийн нутаг газрыг батлахыг нотод баримталж хэлэлцэхээс гадна ухуулан зарлах гэрээ ба солилцох албаны бичгийн дотроо Орос, Хятад, Монгол гурван этгээдээр харилцан хэлэлцэх хэмээснийг шууд зөвшөөрөв» гэжээ. Сайн ноён хан Т.Намнансүрэн Петербургт суугаа гадаад улсуудын Элчин сайд нартай биечлэн уулзах, Европын орнуудаар явахад зуучлахыг Хаант Орос улсын Гадаад явдлын яамнаас хүсэхэд, «танай Монгол улс энэ хэр гадаадтай найрамдах цаг болоогүй. Тэд нар хэрэв үл учирваас мөн дэмий л ичгүүр болно», «Энэ хэр олон улс таныг Элчин сайдын ёсоор хүлээн авахгүй тул албаны ба энгийн учраа алин боловч өөрөө явбаас зохисгүй» гэх зэргээр ятган зогсоосон тул тэдгээр улстай харилцаа тогтоон, Франц, Англи зэрэг таван улсын эзэн хаанд өгөхөөр бэлтгэсэн “Улсын бичиг”-ийг гардуулж чадалгүй эгүүлэн авчирч, Бүгд ерөнхийлөн шийтгэх яаманд тушаажээ. Харамсалтай нь, тэдгээр бичгийн эх одоогоор илэрч олдоогүй байна.

Монгол улсын Засгийн газар гуравдагч улс оронтой харилцаа тогтоож, тусламж авах талаар Япон улсад ихээхэн найдвар тавьж байв. Тиймээс 1912 онд Харбин дахь Япон улсын консулаар дамжуулан Монгол улс тусгаар тогтносныг мэдэгдэж, гэрээ байгуулах, найрамдал худалдааны харилцаа тогтоох хүсэлт тавьж, 1913 оны эхээр да лам Цэрэнчимэд, Бинт чин ван Гончигсүрэн нарыг Япон улсад илгээж байснаас гадна Сайн ноён хан Т.Намнансүрэн нарт Богд хаантаны нэрийн өмнөөс Япон улсын эзэн хаанд хандсан “Улсын бичиг”-ийг Нийслэл Хүрээнээс төлөөлөгчдийг мордохоос 13 хоногийн өмнө 1913 оны 11 сарын 27-нд тусгайлан бэлтгэн өгч явуулсан байна.

Төлөөлөгчид Хаант Орос улсад уг “Улсын бичиг”-ийг хүргэх ажлыг зуучлах хүсэлт тавьж 1914 оны 1 сарын 3-нд бичгийг орос орчуулга, дагалдах бичгийн хамт хүлээлгэн өгчээ. Чингэснээр Япон улс дахь Хаант Орос улсын Элчин сайд Малевский Малевич Японы Гадаад хэргийн яамны сайд Мотонотой хэд хэдэн удаа уулзаж, Японы эзэн хаанд хаягласан Богд хаантаны бичгийг дамжуулах асуудлыг хэлэлцжээ. Уулзалтанд Элчин сайд Малевский Малевич, Япон улсын иргэн Кодама гэгч Монголын Засгийн газрын эрх баригчидтай хэлэлцээр хийн, Хаант Орос улс, Япон улсын хооронд Монголын талаар байгуулсан гэрээг зөрчиж буй тухай хоёр дагавар бичиг гардуулахаа мартсангүй. Иймд, Япон улсын Засгийн газар нь Монгол дахь нөлөөний хүрээгээ хуваах талаар Хаант Орос улстай байгуулсан гэрээгээ мөрдөн «Гадаад Монгол болбоос манай эзэнт гүрний засгийн газартай ямар ч олон улсын холбоогүй бөгөөд ялангуяа Кодама хэмээх хүн манай Засгийн газарт хамаагүй» гэдгээр шалтаглан, Богд хаантаны нэрийн өмнөөс илгээсэн «Улсын бичиг» -ийг дугтуйг нь задлан үзэлгүй буцаасан байна.

Япон улсын эзэн хаанд хаягласан «Улсын бичиг»-ийн монгол бүрэн эх одоогоор олдоогүй боловч судлаачид Үндэсний төв архив дахь монгол бүрэн бус эх, 1913 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн нараас Хаант Орос улсын Гадаад явдлын яамны сайд С.Д.Сазановт «Улсын бичиг»-ийн хамт өгсөн орос орчуулга, уг орос орчуулгыг япон хэлнээ хөрвүүлсэн япон орчуулгыг нэгэнт илрүүлэн судалгааны эргэлтэнд оруулжээ. Тэдгээрээс үзвэл, энэ удаагийн «Улсын бичиг»-ийн гол агуулга нь Япон улсад урьд тавьсан хүсэлтээ дуртган сануулаад, шинээр буй болсон нөхцөлд Хятадын Засгийн газарт нөлөөлөн Өвөр Монголд хятад цэрэг оруулахыг зогсоолгох, Ар, Өвөр Монгол нэгдэн Нэгдсэн Монгол улс байгуулахад туслуулах, Япон улсаас Бүрэн эрхт элчин Монгол улсад томилон илгээж, дээрх «манай улс байгуулах ажилд» туслалцуулах явдал байжээ. Монголын төлөөлөгчид Хаант Орос улстай гадаад харилцааны аливаа асуудлыг ийнхүү хэлэлцэхийн хамт мөн бие даан нууцаар зарим ажлыг сэдэн хийж байсан байна. Жишээлбэл, Сайн ноён хан Т.Намнансүрэн нараас 1914 оны 1 сарын 2-нд Нийслэл Хүрээнд явуулсан нууц цахилгаанд, «Жибин лүгээ бага сага хэлэлцэж буй, бүтэх эсэхийг мэдэхгүй. Фа улсын банкны нэгэн хүн лүгээ 10 саяыг 33 жилийн хугацаатай, зуны Хүрээнд хэлэлцэж байсан мэтээр хэлэлцэж буй. Бүтэх янзтай тул хэрхэх болов. Ялангуяа энэхүү Жибин улс, Фа улс хоёрын хэргийг ер задруулж үл болно» гэж бичжээ. Бичигт, «Жибин лүгээ бага сага хэлэлцэж буй» гэсэн нь Сайн ноён хан Т.Намнансүрэн Петербургт сууж байсан Японы «Осака майничи шимбун» сонины сурвалжлагч Фүсэ Коцужи-тай гурван удаа уулзаж ярилцсанаа хэлжээ. Үнэхээр Намнансүрэн нар Фүсэ Коцужи-тай уулзан улс төрийн хэрэг хэлэлцэн, Японы эзэн хаанд илгээсэн «Улсын бичиг»-ийг үзүүлсэн нь Петербург дахь Япон улсын Элчин сайдаар дамжин Япон улсын Гадаад яаманд хүрсэн байна.

Нөгөө Франц улсын банкны төлөөлөгчийн хувьд Сайн ноён хан Т.Намнансүрэн нууцаар хэлэлцсэний эцэст 1914 оны 1 сарын 6-нд тамга дарсан батлах бичиг өгсөн байна. Батлах бичигт «манай Монгол улсын Засгийн газраа хэрэглэх арван сая цаас зээлэн авахад Франц улсын Барунабанудэгайм[1]-д олох ба хэлэлцэхийн эрхийг өгсөн үнэн. Энэхүү арван сая цаасыг 33 жил 4 сарын хугацаагаар төлөн дуусгахад жил бүр эхээс 30 түмийг төлнө. Хүүгээс анх жил 55 түмийг өгнө. Үүнээс хойш үлдсэн эхэд хүү бодож төлсөөр эцсийн жил эх хүүг хамтаар төлөөд дуусгана. Хүү тав хугас болно. Үүнд, Монгол газрын бүх шар үхэр, гаргах гааль энэ хоёр зүйлээр тулгуурлана» гэжээ. Гэвч энэ зээл бүтээгүй юм.

Мөн Сайн ноён хан Т.Намнансүрэн Петербургээс мэдээ цуглуулан өөрийн Засгийн газраар дамжуулан АНУ-тай холбоо тогтоохыг оролджээ. 1913 оны 12 сарын 18-нд явуулсан цахилгаандаа, «урьд Орос, Хятадын нийслэлд суусан Мэй (Америк) улсын Элчин сайд манай улсын дотоодын Засгийн хэрэг ба худалдааны байдлыг үзэхээр 19-нөө Хиагтаас мордож, Нийслэл Хүрээнд одсон хэмээх тул түүнийг ихэд зочлон өнгөрүүлэхийг олон сайдууд танаа толилуулсугай» гэсэн бол түүнээс хоёр өдрийн дараа бичсэн цахилгаандаа «Мэй улсын Элчин сайд Далай ламтай маш найртай хүн хэмээмүй. Тэр хэрэв Дээр (Богд хаан Г.Д.) бараалхсугай хэмээвээс эрхгүй ёсоор болгон, бас ч хоёр улс харилцан найрамдах, худалдаа нэвтрүүлэхийг хүсэх зэргийн зарлиг буулгаж баярлуулан буцааваас хожим манай улсад эрхбиш тустай явдал буй мэтийг толилуулсугай» гэжээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид зорьсон хэргээ бүтээхийн тулд бүхий л арга замыг сүвэгчилж байжээ. Үүнийг урьд Монголд ирж ажиллаж байсан, Монгол улсад талархалтай ханддаг өвгөн консул Шишмарев, И.Коростовец зэрэг хүмүүстэй тусгайлан уулзаж зөвлөлдөх, тусламж хүсэх, зарим тохиолдолд шөнийн цагаар Хичээнгүй сайд гүн Б.Цэрэндорж, хэлмэрч Ж.Цэвээн нарыг явуулан уулзаж, «аливаа учрыг сэмээр хэлэлцүүлэн» байсан зэрэг явдал ч гэрчилдэг.

Монголын төлөөлөгчид Петербург хотод байх хугацаандаа Хаант Орос улсын холбогдох яам, банк, иргэдтэй Монгол улсад банк байгуулах, Монгол нутагт уурхай нээж ашиглахтай холбогдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байжээ. 1912 онд Монгол улсын Засгийн газраас Оросын харьяат Юферев гэгч Англи, Францын санхүүгийн пүүстэй хувь нийлүүлсэн хувийн банк байгуулах зөвшөөрөл авсан юм. Тэрбээр уг банкаа байгуулж завдаагүй бөгөөд 1913 оны зун Хаант Орос улсын Засгийн газраас Юферев-ээс уг банк байгуулах эрхийг худалдан авч банк байгуулах гэж буйгаа Монгол улсын Засгийн газарт мэдэгдэж, 1913 оны өвөл Монголын төлөөлөгчдөд Монгол улсад банк байгуулах хэргийг нэгэнт тогтоосон тул гэрээнд зарим өөрчлөлт оруулах тухайлбал, монгол хүнд мөнгө зээлдүүлж үл болно гэсэн заалтыг өөрчлөхийг дахин давтан сануулсан байна. Түүний дагуу Сайн ноён хан Т.Намнансүрэн нар Засгийн газартаа мэдэгдэж зааж ирсний дагуу Юферев-ээс банк байгуулах эрхийг авсан Оросын Ачиаконски банк, Швейцарь улсын иргэн Юлия Иванович Рамсиар нартай харилцан хэлэлцэж, гэрээ бичгийн 8-р зүйлийг «энэхүү албаны сан (банк Г.Д) манай Монгол улсын сангаас бусад лам нарын сан (жас Г .Д) ба олон хан, вангаас эхлэн Монголын хэнд боловч тамга тэмдэг дарсан бичгийн доторхыг баримт болгон мөнгө зээлдэн өгч огт болохгүй, бас ч Монгол улсын Засгийн хэрэг шийтгэх газраас батлан зөвшөөрсөнгүй аливаа өрийг Монгол улсын сан ба харьяат хошуу шавийн газраас төлөөнөө төлөхгүй, гагцхүү харьяат албаны сан уг өр дутсан хүний нэр, захиргаа ба ураг төрлийг тодорхойлон мэдүүлбээс эрхгүй чангалан шаардаж тусламж үзүүлнэ» хэмээн шинэчлэн өөрчилж, уг өөрчлөлтийн тухай Хаант Орос улсын Гадаад хэргийн яамны тэргүүн сайдад албан бичгээр мэдэгджээ. Энэ нь урьд Их Хүрээнд байгуулагдсан Дайчин улсын банк, Хятад, Оросын хувь нийлүүлсэн банк монголчуудад агсан зээл өгч, үлэмж өрөнд унаган хохироож байснаас сургамж авч, түүнээс сэрэмжлэн зайлсхийх оролдлого байв. Гэвч 1915 онд байгуулагдсан Хаант Орос улсын «Монгол улсын сангийн банк» нь Монгол улсын Засгийн газартай байгуулах гэрээ, түүний дотор дээрх заалтыг байнга зөрчсөөр 1918 онд тус улсад гүйлгээ хийх эрхээ хасуулсан билээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн нар Хаант Орос улсын худалдаа үйлдвэрийн эзэдтэй уулзах явцад Монгол нутагт уурхай нээн ашиглахыг хүссэн тус улсын харьяат зарим иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Монгол улсын Засгийн газраас газрын хэвлий дэх ашигт малтмалыг ашиглуулах талаар баримталж буй бодлого, 1913 онд батлагдсан уурхай нээх дүрмийн агуулгыг тайлбарлан таниулж, Монгол улсын Гадаад яамнаас тэмдэгт бичиг хүлээн авч уурхай нээх газрыг эрж олохыг зөвшөөрсөн тамга дарсан тэмдэгт бичиг шийтгэн олгож байжээ.

Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн эдийн засгийн талаар тавьсан нэг чухал хүсэлт нь Монгол дахь Оросын худалдаанаас гааль хураахыг зөвшөөрүүлэх явдал байлаа. Тухайн үед Монгол улсын төсвийн орлогын дөрөвний нэг орчим хувийг худалдаанаас олох гаалийн хураамж бүрдүүлдэг байв. Гэтэл 1912 онд байгуулагдсан Монгол-Оросын найрамдлын гэрээ, түүний хавсралт худалдааны протоколоор Хаант Орос улсын худалдаачид Монголд гааль төлөхгүй худалдаалах онцгой эрх авсан нь Монголын эдийн засагт үлэмж хохиролтой байв. Монголын төлөөлөгчид тус улсын санхүүгийн хүндрэлтэй байдлыг дурдаж, Оросын худалдаанаас гааль хураах нь «Монгол улсын санд орох баримт бүхий орлогын нэг» мөн тул Монгол улсын эдийн засгийн гачигдал, улсын төсвийн орлого зарлагын алдагдлыг харгалзан Монгол улсын Засгийн газартай уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж албан бичиг илгээжээ. Мөн бичигт гурван этгээдээр нийлэн хэлэлцэхэд Хятадын тал аль нэг этгээдэд худалдааны онц эрх олгохыг үл дурлах нь магад тул түүнээс өмнө уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Хаант Орос улсын Сайд нарын Зөвлөлийн дарга В.Коковцов хүсэлтийн хариуд уг асуудлыг Сайд нарын Зөвлөлөөр хэлэлцэхийг амласан боловч Монголын худалдаачдаас Оросын тал гааль хураадаггүй тул нэгэн этгээдээс гааль хураах нь нийлэмжгүй гэсэн хариулт өгчээ. Энэ нь бодит байдлыг харгалзан үзэхээс зайлсхийсэн илэрхий тохуурхсан хариулт байв.

Сайн ноён хан Т.Намнансүрэн нар Хаант Орос улсад байхдаа завсар чөлөөндөө хийж гүйцэтгэж байсан нэг ажил нь Монгол улсын эдийн засаг, аж ахуй, батлан хамгаалах чадварыг сайжруулахад хэрэгтэй зүйлсийг үзэж танилцахад оршиж байв. Тэр зорилгоор Оросын Петербург, Москва, Эрхүү хотын захирагч, үйлдвэр худалдааны төлөөлөгчидтэй уулзаж, худалдааны яармагын газар, эд боловсруулах фабрик, халуунд мах хадгалах зоорь, мал эмнэлэг, үхэр бууны сургууль, гал унтраах анги зэрэг олон газрын үйл ажиллагаатай танилцжээ. Мөн замын зуурт Эрхүү хотноо суралцаж байсан монгол сурагчид, тэдний багш нартай уулзаж, шагнах урамшуулах ажил хийжээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн Хаант Орос улсад өрнө дахины хөгжил, улс төрийн байгуулал, соёлын ололттой танилцахдаа шууд тусган авч Монгол улсдаа хэрэгжүүлсэн нэн чухал ололт нь Улсын дээд, доод хурлыг санаачлан байгуулсан явдал юм. Монголын төлөөлөгчдийн орчуулагчаар ажилласан Ж.Цэвээний эрхлэн гаргаж байсан «Шинэ толь хэмээх бичиг» сэтгүүлд энэ тухай бичихдээ, «Сонсвоос Ерөнхий сайд Сайн ноён хантан Орос улсад явж олон улсын хэрэг зөвлөх хуралдааны дүрэм хэмжээг авч ирээд, Монгол улсын хэргийг зөвлөх их, бага хуралдаан байгуулахыг айлдаад хариу хүлээж буй хэмээмүй. Энэ нь Монгол сайд, түшмэд ихээхэн эрхтнүүд улс төрийн хэргийг хуралдсанаар хамтран хэлэлцэж хүн бүр саналаа илтгэн гаргаж, хэрэг учрыг нарийвчлан зөвлөх болсон нь Монгол улсын эрх баригчид жил ирэх тутам улмаар мэргэжин улсыг засах арга олсон нь мөн ажгуу» гэжээ. Үнэхээр Сайн ноён хан Т.Намнансүрэн  Хаант Орос улсад байхдаа эзэн хаанд зөвлөх эрхтэй Думын тэргүүлэгчтэй уулзаж, 1914 онд Ж.Цэвээнээр «Улсын эрх» хэмээх зохиол бичүүлж, 1914 оны 4 сарын 12-нд Бүгд ерөнхийлөн шийтгэх яамны зөвлөх сайд Сэцэн хан Навааннэрин, Цэргийн яамны дэд сайд Жамъяндорж нарын хамт Улсын дээд, доод хурал байгуулах санал, хурлын дүрэм найман зүйлийг төлөвлөн Богд хаантанд зарлиг гуйн айлтгаад, ёсоор болгуулсан билээ.

Төлөөлөгчдөд өгсөн нэг дипломат даалгавар нь хоёр улсын хооронд Элчин сайдын харилцаа тогтоох явдал байв. Монгол улсын Засгийн газар Петербургт Монгол улсын Элчин сайдыг суулгах нь хоёр улс харилцан бие биеэ хүлээн зөвшөөрсний нотолгоо, цаашид гадаад улсуудтай найрамдалт харилцаа тогтоох, тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхэд онцгой ач холбогдолтой чухал алхам хэмээн үзэж, 1912 онд Монгол-Оросын найрамдлын гэрээ байгуулахад, 1912-1913 онд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлахад уг асуудлыг хөндөн тавьж байсан юм. Хаант Орос улс Монгол улсын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч, ДИУ-ын сюзеренитет дор автономи эрхтэй болгохыг зорьж байсан тул Петербургт Монгол улсын Элчин сайд суулгахыг эхнээсээ эрс татгалзаж, харин уг асуудлыг ДИУ-д өөрсдийн шаардлагыг тулган хүлээлгэхэд шахалт үзүүлэх хэрэглүүр болгон ашиглах бодлого баримталсан нь Бээжин дэх Хаант Орос улсын Элчин сайдын зөвлөх ДИУ-ын Гадаад явдлын яаманд 1912 оны 11-р сард Петербургт Монголын тал элчингээ томилон явуулсан хэмээн худал мэдээлэл хийж байснаар илэрсэн билээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн нутаг буцахдаа Засгийн газрынхаа даалгавраар Хаант Орос улсын Засгийн газарт харилцан бие биеэ хүлээн зөвшөөрсөн төр улсын ёсоор Петербургт Монгол улсын Элчин сайдаар Б.Цэрэндоржийг үлдээх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Түүний хариуд Хаант Орос улсын Засгийн газраас «энэ хэр манай Засгийн газраас улсын Элчин сайдын ёсоор хүлээн суулгаж, албаны хэргийг хэлэлцэн хэрхэвч чадахгүй, бас ч аливаа албаны хэргийг консул нэвтрүүлж буй тул эрхгүй хүн суулгах хэрэг юун» хэмээн татгалзсан хариу өгсөн байна. Тиймээс Засгийн газрынхаа даалгавраар «Монгол улсын Зарлигаар зарсан Бүрэн эрх барих Элчин сайдын тамга»-ыг Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид шилжүүлсэн нэрээр түүнийг Петербургт түр үлдээсэн боловч Хаант Орос улсын Засгийн газар Элчин сайд суулгахыг зөвшөөрөхөөс татгалзсаар байсан тул Б.Цэрэндорж Сайн ноён хан Т.Намнансүрэн нарыг Эрхүү хотод гүйцэн ирж, хамт нутаг буцжээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн нутаг буцахынхаа өмнө Хаант Орос улсын Ерөнхий сайд В.Н.Коковцовтой уулзан айлчлалынхаа үр дүнг дүгнэн хэлжээ. Тэр хэлэхдээ, «эдүгээд Орос, Хятадын тогтоосон гэрээнд боогдож бид нарын ирсэн хэрэг их л бүтсэнгүй, гагцхүү мөнгө ба бууны явдал бүтэв хэмээвч гарт хүлээн авсан зүйлгүй, хэзээ боловч бид нар бүгд Монголоо нэгтгэн авч Хятадаас бүрмөсөн холбоо тасрахыг хичээх ба бас ч манай Монгол улсын хүүгийн зүйл хараахан арвин болоогүй тул орлогыг эрхэмлэж, эрхэм улсын орох, гарах худалдаанаас гааль авах явдлыг Гадаадын яамнаа бичиг өгсөн тухайд ёсоор болгох ба үүнээс урагш манай улсыг үргэлжид туслаж байх ба харин ч олон улс лугаа танилцан найрамдахыг хичээмүй» хэмээн хэлжээ. Түүний хариуд В.Н.Коковцов «олон улс лугаа найрамдана хэмээгч энэ удаа хялбар хэрэг бус дараа аяндаа бүтнэ. Танай улс учиргүй их улс болохыг бүү яарсугай. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм» гэх зэрэг урьхан үгээр сурган хэлсэн байна. Ийнхүү Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн Хаант Орос улсад зорьж ирсэн хэрэг нь их төлөв бүтсэнгүй. Энэ нь төлөөлөгчдийн нэр хүнд, авъяас билэг, дипломатын ур чадвараас хамаарсан хэрэг бус, харин тухайн үеийн олон улсын харилцаанаас шууд шалтгаалсан хэрэг байв. Тухайн үед Хаант Орос улс нь 1912 оны 7 сард Япон улстай байгуулсан нууц хэлэлцээрээр Өвөр Монгол дахь нөлөөний хүрээг тогтоож, түүний дорнод хэсэг Японы нөлөөний хүрээнд байхыг хүлээн зөвшөөрч, 1913 оны 11 сард ДИУ-тай «Гадаад Монголын автономийг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын тунхаг»-т гарын үсэг зурж, нот солилцон, түүндээ «Гадаад Монголын нутаг дэвсгэр бол Хятадын нутаг дэвсгэрийн хэсэг» хэмээн хүлээн зөвшөөрөн түүн лүгээ хамт Монгол дахь өөрийн байр суурь, эрх ашгаа нэлээд бататгаад авсан билээ. Иймд, Хаант Орос улс нь Монголын талын хүсэлтийг биелүүлэх нь дээрх хэлэлцээр, тунхаг, нотын заалтыг ноцтой зөрчихөд хүргэх тул хүлээн авах боломжгүй байлаа.

Хаант Орос улсын Засгийн газар нь энэ нөхцөл байдлыг Монголын төлөөлөгчдөд тайлбарлан хүлээн зөвшөөрүүлэхийг оролдохын хамт тодорхой нөхцөл болзолтойгоор санхүү, цэрэг зэвсгийн хязгаарлагдмал тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн нь Монголын Засгийн газарт тал алдахгүйг хичээн, Монгол дахь өөрийн байр сууриа аажим бататгах, хэтдээ эдийн засаг, улс төрийн нөлөөндөө баттай оруулах алсын хараатай бодлогынх нь тусгал байв. Тийнхүү Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн зорьж ирсэн хэргийн гол нуруу нь бүтээгүй боловч Монгол улс түүний тусгаар тогтнол, Нэгдсэн Монгол улс байгуулах, олон улстай найрамдалт харилцаа тогтоох хүсэлтийг дэлхийн улс гүрнүүдэд танилцуулах, олон улсын харилцаанд биеэ даан оролцох, Хаант Орос улсын улс төрийн байр суурь, соёл иргэншлийн ололттой танилцахад зохих дөхөм үзүүлж, Монголын төлөөлөгч нарт дипломат үйл ажиллагааны томоохон сургууль болсон нь дамжиггүй.

Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайдын хэмжээнд гадаад улс оронд хийсэн анхны энэ айлчлал нь Монгол улсын гадаад харилцааны түүхэнд өөрийн гэсэн содон өнгө төрхтэй, хүндтэй байр суурь эзэлсэн томоохон үйл явдал болон тэмдэглэгдэн оржээ.

II. Монгол улсын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн

Хаант Орос улсад хийсэн айлчлалд холбогдох баримтын тойм

Уг айлчлалд холбогдох баримтууд нь Монгол улсын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгт баримтат кино, гэрэл зураг, баримт бичгийн хэлбэрээр хадгалагдаж байна.

1. Баримтат кино

1913 оны 11 дүгээр сарын 28-нд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Крымийн Ялта хотын ойролцоох Ливадийн хааны ордонд Хаант Орос улсын эзэн хаан II Николайтай уулзаж, “Улсын бичиг”, “Эрдэнийн очир” одонг гардуулж, хоёр улсын харилцааны талаар хэлэлцсэн билээ.

Түүхийн нэн чухал энэ үйл явдлыг тухайн үед нь кино хальсанд буулгаж авчээ. 1999 оны 6 сарын 7-нд Монгол улсын Үндэсний төв архивын захирал Ж.Гэрэлбадрах Оросын кино, гэрэл зургийн улсын архивтай байгуулсан гэрээний үндсэн дээр уг кино хальсны хуулбарыг Монгол улсын Үндэсний төв архивын Кино, дуу, дүрсний баримтын төвд шилжүүлэн авсан байна.

Уг кино хальсны хуулбар нь Оросын холбооны улсын Красногорскийн Кино, гэрэл зургийн улсын архивын 35 мм-ийн дуугүй, хар цагаан ердийн киноноос хуулбарласан 3 минут 30 секундын дүрс бичлэг юм.

Дүрс бичлэгийн агуулга нь дараах сэдвүүд /сюжет/-ээс бүрдэж байна.

1. Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид хааны торгон цэргийн хамгаалалттайгаар Ливадийн хааны ордонд сүйх тэргээр ирж буй.


2. Төлөөлөгчид Ливадийн хааны ордноос гарч сүйх тэргэнд суун явж буй.


3. II Николай хааны охид ордны тагтан дээрээс Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийг үдэн гаргаж байгааг сонирхон ажиглаж буй.


4. “Штандарт” хөлөг онгоц дээр Монголын төлөөлөгчид зогсож буй.


5. Хөлөг онгоц дээрх хүмүүсийг ерөнхий байдлаар харуулж буй.


6. “Штандарт” хөлөг онгоц эргээс хөдлөж, урд талд нь жижиг чиглүүлэгч завь явж буйг харуулсан хэсэг болно.

1999 оны 10 сарын 26-нд хуралдсан дээрх кино баримтын дүрс бичлэгийн хуулбарын үнэ цэнийг тогтоох хурлаас уг дүрс бичлэгийг хосгүй үнэт баримтын зэрэглэлд оруулахаар шийдвэрлэжээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсын Крымийн Ялта хотын ойрлцоох Ливадийн хааны ордонд зочилсон кино баримтын хэсгээс

2. Гэрэл зураг

1913-1914 оны заагт Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид  Хаант Орос улсад айлчилж буйг сүүдэрлэн үлдээсэн гэрэл зургууд дотоод, гадаадад нэлээд тоотой байдаг. Тэдгээр гэрэл зургуудаас дараах гэрэл зургууд Монгол улсын Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Үүнд:

1. Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Санкт-Петербург хотноо.


2. Сайн ноён хан Т.Намнансүрэн хатан Магсаржав, хүүгийн хамт Санкт-Петербург хотноо


3.  Баримт бичиг

Монгол улсын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын сан хөмрөгт Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлалд холбогдох төлөөлөгчдийн нэрс, өдөр тутмын тэмдэглэл, Засгийн газартайгаа харилцсан цахилгаан мэдээнүүдийн эх, түүний хуулга данс, харилцааны нууц түлхүүр, төлөөлөгчдөөс гадаад улсуудын Засгийн газар, Элчин сайдын яамдтай харилцсан бичгийн хуулга данс, төлөөлөгчдийн тэргүүн нараас Богд хаанд айлтгасан айлтгал, буулгасан зарлиг, “Эрдэнийн очир” одонгоор шагнагдсан гадаадын иргэдийн нэрс, зарсан зарлагыг тодорхойлсон тайлан данс, С.А.Козинтой байгуулсан гэрээ, төлөөлөгчдөөс албан баримт бичиг, тамгыг холбогдох яамдад тушаасныг мэдэгдсэн бичиг зэрэг нэн чухал олон баримтууд хадгалагдаж байна. Тэдгээр баримтуудаас “Шадар сайд, Бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд Сайн ноён хан Намнансүрэнгээс Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн тэргүүн сард зарлигаар Орос улсад зарагдахад аливаа хэрэг зүйлийг өдөр дараалан тэмдэглэсэн данс”/МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-10/, “Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн тэргүүн сард Бүгд ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хантан зарлигийг дагаж Орос улсад одоход Засгийн газраас ирсэн цахилгаан мэдээг сийрүүлэн тэмдэглэсэн данс”/МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-12/, “Олноо өргөгдсөний гуравдугаар он тэргүүн сард Бүгд ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хантан Зарлигийг дагаж Орос улсад одоход Засгийн газраа явуулсан цахилгаан мэдээг сийрүүлэн тэмдэглэсэн данс” /МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-11/, “Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн тэргүүн сард Бүгд ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хантан Зарлигийг дагаж Орос улсад одоход олон улсад явуулсан бичгийг сийрүүлэн тэмдэглэсэн данс” /МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-18/, “Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хавар цагийн данс амуй” /МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-13/, “Бүгд ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хан нар Зарлигийг дагаж Орос улсын нийслэлд зарагдахад Сангийн яамнаас хүлээн авсан эд юмыг зарсны тайлан тодорхойлсон данс” /МУҮТА, ТБА, ХА-6, Д-1, ХН-79/ зэрэг нь ихээхэн хэмжээний мэдээлэл агуулсан иж бүрэн хуулга дансууд болно.

Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлалд холбогдох баримт бичгүүдээс 4 баримтын хуулбарыг кирилл монгол бичгийн хөрвүүлгийн хамт дор толилуулав.

Баримт №1

Бүгд захирах яамнаас зарлигийг дагаж Их Орос улсын хаан эзний

амгаланг эрэх зэрэг хэрэг учир одох сайд Сайн ноён хантан ба дагалдах

сайд, түшмэдийн нэр зэргийг жагсаан бичиж уламжлан консул

сайдад явуулж, хүмүүн тутамд зам явах тэмдэгт бичиг шийтгүүлэн

авч нэн даруй хүргэн ирүүлж, мордох өдрийг өөр явуулж

гүйцэтгүүлсүгэй хэмээн ирсэн хэрэг

1913.10.18

Илгээх бичиг.

Бүгд ерөнхийлөн захирах яамны бичиг.

Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаа илгээв. Яаравчлан явуулах учир, Эдүгээ Бүгд ерөнхийлөн захирах сайд, Сайн ноён хан миний бие зарлигийг дагаж, Их Орос улсын хаан эзний амгаланг эрж найралыг зузаатгах ба тус улсын аливаа хэргийг бүрэн бүтэн болгохын  тул Их Орос улсын ба олон улсын сайныг үзэх зэрэг хэргийн учраа сайдууд, түшмэдийг дагалдуулан дараа Нийслэл Хүрээнээс мордож,  Орос улсад одохын тул дагалдах сайд, түшмэдийн нэр зэргийг бичгийн сүүлд жагсаан бичиж, үүнийг Гадаадын бүгд хэргийг эрхлэн шийтгэгч яамнаа яаравчлан явуулаад, хүрмэгц уламжлан Орос улсын Генеральной консул сайдын яамнаа мэдтүгэй хэмээн явуулж, хүмүүн тутамд зам явах хамгаалах тэмдэгт бичиг шийтгүүлэн авч, нэн даруй манай яамнаа хүргэн ирүүлтүгэй хэмээхээс гадна чухам мордох өдрийг өөр явуулж гүйцэтгүүлсүгэй. Үүний тул илгээв.

Олноо өргөгдсөний гуравдугаар он есөн сарын арван найман

Жагсаан бичсэн нь:

1. Бүгд ерөнхийлөн захирах тэргүүн сайд, чуулганы дарга, Түмэнхэн номун эзэн Сайн ноён хан Намнансүрэн

2. Алтан навчит[2] хошой хатан[3] Далай дагина Дара Магсаржав

3. Шүүх таслах яамны дэд сайд Засагт чин ван Удай

4. Гадаадын яамны дэд сайд, Хичээнгүй гүн Цэрэндорж

5. Цэргийн яамны орлосон дэд сайд дэс түшмэл дэд зэрэг залан[4] Чимэддорж

6. Бүгд ерөнхийлөн захирах яамны эх зохиох түшмэл туслагч[5] Цогт-Очир

7. Хэлмэрч Гадаад яамны орчуулагч Жамсранов

8. Бага хэлмэрч Намтайжав

9. Гачин[6] лам Ишдорж

10. Эмч дэмч[7] Хэнтэр

11. Эмч ранжимба[8] Дампил

12. Бойда[9], да лам[10] Буянцогт

13. Лам Абитангэрэл

14. Тэргүүн зэрэг хиа[11] Намхайсэнгэ

15. Дагалт[12] Гомбо

16. Дагалт Намсрайжав

17. Лам Лувсангэндэн

18. Хатныг дагалдах лам Эринцэн

19. Хүүхэн Дэжидмаа

20. Хүүхэн Цэнд

21. Дагалдах тэргүүн зэрэг Дамбийням

22. Дагалдах гутгаар зэрэг Хуалинга

23. Дагалдуулан явах орос худалдааны хүмүүн Голгово/Колков ?/

24. Хаянхирваа

25. Зам[13] Санжмятав

26. Цэрэг дарга Хөнхөр

27. Цэрэг Цэрэнжанцан нар болой.

МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-132, Б.3

Баримт №2

“Шадар сайд, Бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд

Сайн ноён хан На-г Олноо өргөгдсөний гуравдугаар он

өвлийн тэргүүн сард зарлигаар Орос улсад зарагдахад

аливаа хэрэг зүйлийг өдөр дараалан тэмдэглэсэн данс”-наас

Нэгэн зүйл. Мөн өдрөө[14]... шөнийн есөн цагт Баатар Цагаан хаанаа бараалхаар Гадаад яамны эрхэлсэн түшмэл Казаков, хэлмэрч нарын хамтаар шагнасан тэргэнд сууж төмөр замаар явж хорин наймны[15] өглөө Москва хотын гадуур дайрч, хорин өснөө[16] Крым хэмээх хотод хүрч, галт тэрэгнээс бууж цахилгаан тэргэнд сууж, Ялта хотод хүрсэнд хааныг хамгаалах цэргийн дарга полковник Гриев, ордоны түшмэл Фон Губер нар угтан ирж Арсия хэмээх зочид буух газарт буулгав.

Нэгэн зүйл. Арваннэгэн сарын шинийн нэгний[17] өглөө түшмэл Казаков хааны шагнасан Эрдэнийн одонг хүргэн ирж тус тусыг хүртээсэн даруй мөн хоёр цагт ордоны тэрэг ба хааны хамгаалах түшмэл цэрэг хорин хүн ирж, бидний биес түшмэл Казаковын хамт Ливади хэмээх газрын их ордонд хүрмэгц ордоны хаалгач хүмүүн нар угтан оруулж, нэгэн тасалгаанд шадар сайдууд ирж учран, хаанд өргөх бэлэг зүйлийг үзэж жагсаан бэлтгэсний дараа ордоны тэргүүн сайд удирдан аваачиж хааны заларч бүхүй тасалгаанд бараалахуулахад Их баатар Цагаан хааны бие тайцийн[18] хамт залран байхуйд, шар цагаан хадаг хоёрын дээр улсын бичгийг[19] бэлтгэж, манай Хаан эзнээс Их баатар Цагаан хаантаны их амгаланг айлтгаж Улсынбичиг, бэлгийг бариулсан хэмээн айлтгаж бариад дараагаар цагаан хадаг нэг нэгийн дээр Эрдэнийн очир[20] нэжгээдийг бэлтгэж, манай хаан эзнээс манай улсыг тулгуур төр байгуулснаас инагш Их баатар цагаан хаантаны ихэд тусласны баярын тэмдэг Эрдэнийн очирыг Их баатар Цагаан хаан ба эрхин тайцитанд тус тус бариулсныг эрхбиш биендээ үргэлжид хэрэглэн таалж санасаар байхыг гуйн айлтгасан хэмээн айлтгаж, дараагаар өөрснөө урт цагаан хадаг нэжгээдийг өргөж, Их баатар Цагаан хаантаны түмэн амгаланг эрмүй хэмээн нэгэнтээ сөгдөж, гурвантаа мөргөөд, бас бидний сайдуудад Эрдэнийн одон шагнасны хишигт мөргөмүй хэмээн ёслон мөргөв. Дараагаар айлтгасан нь, манай Хаан эзэн ба Засгийн газраас Их баатар Цагаан хаантан ба их Засгийн газраа гуйлгасан нь, манай улсыг анх улс байгуулах ба дараа гэрээ бичиг үйлдэж батлан, зүйл зүйлээр тусласнаас инагш манай монголчууд улмаар нэгдэж, улс төр улмаар мандаж сайн болж бүхүйд манай Хаан эзэн ба Засгийн газар, дотоод гадаадаа засахыг маш хичээн буй. Гагцхүү Хятад улс хүчирхэн, манай Дотоод Монголд цэрэг оруулан олонд ихэд зовлон болгож бүхүйд манай Засгийн газраас түшмэл, цэргийг анги хуваан томилон мордуулж, халдаар ирсэн хятад дайсныг эгүүлэн буцааж буй боловч манай улс тувтум бөгөөд хүүгийн зүйл арвижаагүйн дээр, бас ч манай урьдчилан хэрэглэсэн ба эрхэм улсаас тусласан буу сум тоо цөөхөн учир, хараахан хүрэлцэхгүй бөгөөд газар орноо бүрэн бүтэн болгон чадаагүй учир иймд, манай олон монголчуудыг нэгтгэх ба Хятадаас бүрмөсөн тасарч, өөртөөн эзэрхэн тогтносон улс төр байгуулахад улмаар хүчтэйеэ туслах ба нэн гачигдан ховордож бүхүй их, бага буу зэвсгийг их үлэмж тоотой маш хурданаар туслан өгөхийг бичиг ба амаар гуйн айлтгаж мэдүүлсүгэй хэмээн тушаасан хэмээн айлтгасанд, танай Хаан эзний бие амгалан сайн уу, бас ч танай улсын сайн бүхүйг сонсон баяртай байдаг. Бас ч улмаар сайн болгох ба урьд тогтоосон Орос, Монголын гэрээ ба одоогийн Орос, Хятад хоёрын тогтоосон гэрээг маш итгэмжлэнэ буй за. Би ч Орос, Монгол, Хятад гурван улс харилцан найрамдахын үндэс эл болмой за хэмээн айлдмагц хариу айлтгасан нь, эдүгээгийн гэрээний тухайг эрхэм Засгийн яамнаас сонсож хянаваас, манай улсын улс болсныг Хятадад хүлээлгэн гурван бүрээр хэлэлцэх болгосон нь үнэхээр тустай, гагцхүү нэгэн төрлийн монголчуудын хүмүүн иргэн, газар орон ба эрх мэдэлд харштай тогтсон зүйл үлэмж баймой. Тийн хэмээвч гэрээний учрыг Засгийн газраа лавлахаар явуулсан бөгөөд тухайд хэрхэн хариу ирэх ба хэзээ боловч гурван этгээдээр хэлэлцэх цагт манай Монгол улсын зах хязгаар орон ба нэгэнт дагаар орсон, бас үүнээс хойш дагаар орох Гадаад, Дотоод бүх Монголыг нийлүүлэн Хятадын холбооноос нэгмөсөн тасарч өөртөөн эзэрхэн тогтносон улс болгож, хэзээ ямагтад эрхэм улсаа түшиглэн явахад Их хаан улам улмаар туслахыг итгэж, улсын төлөөнөө бид аюумшиггүй гуйж, өршөөлт зарлигийг хүлээмүй хэмээн айлтгасанд,  танайх өөрөө маш хичээсүгэй, танай улсыг би лав үргэлжид тусламой, харин ч манай улсад тустай улс болгохыг санамой, бас ч манай цэргийн багш танд тустай сайн байна уу, Монгол газар буй манай орос цэрэг, цэргийн хэрэг нам болсон тул, хэрэг үгүй буй за хэмээсэнд хойш айлтгасан нь, эндээс илгээсэн цэргийн багш, цэргийг сайнаар сургаж манай улсын цэргийн сүр дотоод, гадаад олонд мандаж бүхүй нь үнэхээрийн ихэд тустай сайн буй. Бас ч эрхэм улсын манай тэнд буй цэргийг хэзээ Хятадтай гэрээ тогтоох хүртэл хэвээр суулгаваас манай улсад их л тустай болмой хэмээн итгэмжлэн санадаг хэмээн айлтгасанд, хэлэлцэн тогтоох хүртэл цэргийг хэвээр суулгаваас болмой хэмээгээд, танай хаан эзнээс хүн зарж бичиг, бэлэг хүргүүлэн бас бид хоёрт Эрдэнийн очир хүргүүлсэнд үнэхээрийн баярламой. Хаан эзний амгаланг эрмүү хэмээн айлдсанд, бид буцахын амгаланг эрж мөргөөд буцав.

Нэгэн зүйл. Мөн өдрөө хотыг захирах генерал губернатор, цэргийн түшмэл нарт биеэр явж учрав. Мөн шөнийн цагт Баатар Цагаан хааны үзэх Ин ший[21]-ний газраа аваачиж зочлон үзүүлэв.

Нэгэн зүйл. Шинийн хоёрт бид[22] нарыг түшмэл Казаковын хамт зарлигаар полковник Гриевийг томилон гаргаж дагалдуулан ууланд байгуулсан орд ба жич, хааны архины сан,  бас Бухар хааны ордоны зэргийг үзүүлж ирсний дараагаар хааныг хамгаалах хавкас[23] цэрэг дөчөөд хүмүүн нар буусан диянд[24] ирж дуулан бүжиглэж үзүүлэв.

Нэгэн зүйл. Шинийн гурванаа[25] хааны залрах цэргийн их галт онгоцноо сууж буцахад ордоны ба хотын түшмэл нар үдэж, басхүү зарлигаар полковник Гриевийг томилон гаргаж хамгаалуулан явав. Хааны ордоны өмнөдөөр өнгөрөхөд хаанд ёслохоор их буу гучин удаа тавьж, Хар далайгаар явсаар Крымийн усан боомтны усан цэргийн төмөр хуягт хэмээх онгоцноо хүрмэгц усан цэргийн сайд, харьяат цэргийн хамт угтаж ёслон удирдаж онгоц үзүүлээд, Крым хотод ирж шөнийн есөн цагт галт тэргэнд сууж, жич замын зуур сайнаар явж ирсэн учрыг хамт ирсэн полковник Гриевээр хаанаа айлтгуулаад, тэндээс шууд явсаар шинийн дөрвөнөө[26] далайн нарийн боомтоор өнгөрч, шинийн тавнаа[27] Петербург хотноо ирж буув.

МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-10, Х.10-15

Баримт №3

“Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн тэргүүн сард

Бүгд ерөнхийлөн захирах сайд, Сайн ноён хантан зарлигийг

дагаж Орос улсад одоход Засгийн газраа явуулсан

мэдээг сийрүүлэн тэмдэглэсэн данс”-наас

Нэгэн зүйл. Өвлийн думдад сарын шинийн зургаанаа[28], Бүгд ерөнхийлөн захирах яамнаа толилуулах нь, бидний бие Оросын хаан эзэнд шинийн нэгнээ[29] бараалхаад өчигдөр Оросын нийслэлд буцаж ирээд, шинийн гурванаа[30] гаргасан цахилгаан мэдээг хүлээн авч учрыг мэдэв. Оросын хаан эзэнд бараалхаж Улсын бичиг, “Эрдэнийн очир”-ыг өргөж, тус тус учрыг тодорхойлон айлтгасанд, баяртай зарлиг айлдаж, бас урьд Орос, Монголын тогтоосон гэрээ ба эдүгээ Орос, Хятадын тогтоосон гэрээг Орос, Монгол, Хятад гурван улс харилцан найрамдахын үндэс болмой хэмээн итгэмжилмүй хэмээсэнд, хариу айлтгасан нь, гэрээний тухай Засгийн газраа лавлан явуулаад хариу хүлээн буй. Эрхэм хаан эзэн ба Засгийн газрын их тусласны хүчнээр манай улс улам улмаар мандаж буй учраа үнэхээр баярлаж, манай хаан эзэн ба Засгийн газраа дотоод, гадаадаа сайтар засах сахихыг маш хичээн буй боловч, хүрэлцэхгүй тул зэвсэг гуйсныг хэзээ боловч гурван этгээдээр хэлэлцэх цагт манай Монгол улсын зах хязгаар газар орон ба нэгэнт дагаар орсон, бас үүнээс хойш дагаар орох Гадаад, Дотоод бүх Монголыг нийлүүлэн, Хятадын холбооноос нэгмөсөн тасарч өөртөөн эзэрхэн тогтносон улс болоход Их хаан улам улмаар туслахыг итгэж, улсын төлөөнөө бид аюумшиггүй гуймой хэмээн айлтгасанд, танайх өөрөө маш хичээсүгэй. Би танай улсыг лав үргэлжид тусламой, харин ч манай улсад тустай улс болохыг санамой хэмээсэн ба бас айлдах нь, манай цэргийн багш танд тустай байна уу, бас ч монгол газар буй орос цэргийг цэргийн хэрэг нам болсон тул хэрэггүй буй за хэмээсэнд, хойш айлтгасан нь, Эндээс илгээсэн цэргийн багш, цэргийг сайнаар сургаж манай улсын цэргийн сүр дотоод, гадаад олон улсад мандаж бүхүй нь, үнэхээрийн ихэд тустай сайн буй. Бас ч эрхэм улсын манай тэнд буй цэргийг хэзээ Хятадтай гэрээ тогтоох хүртлээ хэвээр суулгаваас манай улсад их л тустай болмой хэмээн айлтгасанд, хэлэлцэн тогтоох хүртлээ цэргийг хэвээр суулгаваас болмой хэмээгээд, танай хаан эзнээс хүн зарж бичиг бэлэг, бид хоёрт “Эрдэнийн очир” хүргүүлсэнд үнэхээрийн баярламой. Хаан эзнээ амгаланг нь эрмүү хэмээх зэрэг айлдаад, уг улсын бичгийн гуйсан зүйлд тодорхой хариу үгүй, энэ зэрэг учрын хэрэгтэйг нь тодорхойлон товчилж толилуулсугай.

МУҮТА, ТБА, ХА-2, Д-1, ХН-11, Х.8-9

Баримт №4

“Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн тэргүүн сард

Бүгд ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хантан Зарлигийг

дагаж Орос улсад одоход олон улсад явуулсан бичгийг

мэдүүлэн тэмдэглэсэн данс”-наас

Нэгэн зүйл. Их Орос улсын Гадаадын хэргийн яамны тэргүүн сайд танаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир, мөнөөхөн манай сайдууд Эрхэм улсын Эзэн их баатар Цагаан хаантанаа бараалхаж, Улсын бичиг, “Эрдэнийн очир”-ын зэрэг зүйлийг хичээнгүйлэн өргөн бариад, буй бүхүй хэрэг зүйлийг гуйн айлтгасан ба өршөөлт зарлигийг олж сонссон зэрэг учрыг тодорхойлон гаргаж, манай Засгийн газраа цахилгаан мэдээгээр мэдүүлэн явуулсан бөлгөө. Эдүгээ хойш илгээсэн цахилгаан мэдээнд эл учрыг уламжлан айлтгасанд, манай Богд эзэн Их Орос улсын Эзэн хаан баатар Цагаан хаантан манай Монгол улсыг ихэд туслан тэтгэмжилж буйн дээр одоо бас үүнээс хойш үргэлжид туслан тэтгэмжлэх өвтэгш таалалыг гүнээ илтгэсэн ба бас манай Элчин сайдуудад Эрдэнийн одоны зэргийг шагнан хүртээж, хэтэрхий зочлон бүхүйд үнэхээрийн тэсгэлгүй баярлав хэмээснийг хичээнгүйлэн дагаж уламжлан нэвтрүүлтүгэй хэмээн илгээн иржээ. Иймийн тул үүнийг эрхэм сайдтанаа найртай сайны ёсноор мэдтүгэй хэмээн явуулаад олдвоос уламжлан Их баатар Цагаан хаантанаа сонсгон айлтгах ажааму. Үүний тул илгээв.

Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн думдад сарын арван найман.

МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-18, Х.2-3

 



[1]Нэрийг архивын баримтад тэмдэглэсний дагуу буулгав.

[2]Алтан навчит- нэгэн зүйлийн өргөмжлөл

[3]Хошой хатан- хан, чин вангийн хатны зэрэг

[4]Залан- хошууны дөрвөн түшмэлийн нэг. Хошууны цэргийн хэргийг голлон хариуцна

[5]Туслагч- туслагч түшмэл нь хошууны засаг ноёны туслахын үүрэг гүйцэтгэж, хошууны тамгыг гардан хариуцаж, хошууны засаг ноёны эзгүйд түүнийг орлон хошууг захирна

[6]Гачин/гачен/- “Их зарлигт” гэсэн утгатай төвд үг. Ном эрдэмд мэргэжсэн хүнд олгодог цол хэргэм

[7]Дэмч- Сүмийн жасыг хамаарах хүний зэрэг дэв, тушаал

[8]Ранжимба/равжамба/- “Маш хэтэрхий” гэсэн утгатай төвд үг. Бурханы шашны гүн ухааны онолын номд нэвтэрхий мэргэжсэн хүнд олгодог эрдмийн цол

[9]Бойда- “Гэрийн даамал” гэсэн утгатай манж үг. Засаг ноёны ордны аж ахуйн хэргийг эрхэлсэн хүн

[10]Да лам-Шашны хурал, захиргааны хэрэг эрхэлсэн хүн

[11]Хиа- манж үг. Ноёд, хутагт хувилгаадыг дагалдан үйлчлэх бараа бологч

[12]Дагалт- ихээхэн эрх мэдэл бүхий хүмүүнийг хамгаалан асрах хүн

[13]Зам- “Цай чанагч” гэсэн утгатай төвд үг. Сүм хийдийн жасын тогооч лам

[14]Аргын тооллын 1913.11.25

[15]Аргын тооллын 1913.11.26

[16]Аргын тооллын 1913.11.27

[17]Аргын тооллын 1913.11.28

[18]Тайци- хан хүү

[19]Улсын бичиг- Монгол улсын шашин төрийг хослон барьсан VIII Богд Жибзундамба хутагтын нэрийн өмнөөс Хаант Орос улсын эзэн хаан II Николайд илгээсэн төрийн албан захидал

[20]Эрдэнийн очир-Монгол улсын шашин төрийг хослон барьсан хаант Монгол улсын төрийн одон

[21]Ин ший- Англи жүжиг буюу кино

[22]Аргын тооллын 1913.11.29

[23]Хавкас-Кавказ

[24]Диян/Дэн/- хятад үг. Дэн буудал, буурчийн газар

[25]Аргын тооллын 1913.11.30

[26]Аргын тооллын 1913.12.01

[27]Аргын тооллын 1913.12.02

[28]Аргын тооллын 1913.12.03

[29]Аргын тооллын 1913.11.28

[30]Аргын тооллын 1913.11.30

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 03, Даваа гариг, 15:36

Add comment

Security code
Refresh