|
Үндэсний Төв Архивын танилцуулга 1921 оноос Монгол Улсын түүхэнд холбогдох ном судар, ховор нандин шастир, архивын баримтыг орон даяар эрэн сурвалжилж цуглуулах нөр ажил эхэлж үндэсний архивын нэгдсэн сан хөмрөг үүсэн байгуулагдах суурь тавигдсан билээ. 1921 оны 11 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх Ухааны байгууллагын анхных болох Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, хувьсгалаас өмнөх монголын төр засаг, захиргаа, шашны байгууллагуудаас архивын баримтуудыг төвлөрүүлэн хуримтлуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж эхэлжээ. 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор архивын баримт бичгийг хариуцан ажиллах орон тоог нэгэн нэгжээр батлав. Уг хүн нь Ардыг Гэгээрүүлэх Яамны ажилтан, намын гишүүн Лувсан байв. Тэр үед архиваа Судар Бичгийн Хүрээлэн нь “Хуучин Данс Бичгийн Газар” гэж нэрлэж байжээ. Үүгээр Монгол улсын Үндэсний Төв Архивын суурь тавигдсан гэж үздэг. Улсын архивын үндэс суурь тавигдсан тэр цагаас хойш эмхлэгдэн цэгцлэгдээгүй олон мянган хуудас баримт бичгүүдийг өнөөгийн төвшинд хүртэл эмхэлж, баримт бичгийг боловсруулах, албан хэрэг хөтлөлтийг тогтворжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн манай ахмад архивчдын гавьяа их юм. Судар бичгийн хүрээлэн монголын түүхийн эх сурвалж болох бичиг баримт болон бусад холбогдол бүхий ном, шастир, эд материал цуглуулж төвлөрүүлэх ажлыг амжилттайгаар хийж гүйцэтгэжээ. Үүний үр дүнд асар их баримт хуримтлагдсан байна. Иймд хуримтлагдсан баримт хэрэглэгдэхүүнийг ангилан төрөлжүүлж дуусаад, Монголын төрийн дээд, төв байгууллага, аймаг, хотууд, өртөө, харуул, шашны байгууллагын архивын санг төвлөрүүлснээр Монгол Улсын Үндэсний Төв Архив нь бие даан үйл ажиллагаа явуулах боломжоор хангагджээ. БНМАУ-ын Ардын СНЗ-ийн 1926 оны 65 дугаар тогтоолд: Монгол улсын түүхэнд холбогдох баримт бичгийг Монголын түүхэн үе шатанд хамруулан ангилан бүлэглэх тухай дурджээ. Уг тогтоолын агуулга нь монголын соёл иргэншил, нийгмийн хөгжлийн түүхийг үе шаттайгаар судлахад, өнөөгийн болон хойч үеийнхэнд түүхэн эх сурвалж болж ашиглагдах ховор чухал баримт болохын түүхэн ач холбогдолыг тодорхойлон заасан байна. 1930-аад онд тус байгууллагын архивын ажлын холбогдолтой анхны дүрэм зааврууд батлагдан, архивын баримт бичгийг эрдэм шинжилгээний үндэстэй эмхлэн цэгцлэх анхны алхмууд хийгдэж эхэлжээ. 1940-өөд оноос Архивын тоог өргөтгөх, хөдөө орон нутагт архив байгуулж, хариуцах ажилтныг томилох, архивын баримтыг соёл, шинжлэх ухаан, УААА-н хэрэгцээнд ашиглах ажил хийгджээ. 1948 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн харьяанд Улсын Архивын Төв Газрыг байгуулав. Энэ үед Улсын Архивын Төв Газар нь Гандан хийдэд байрлаж байв. Нэгэн сонирхууштай баримт дурдахад 1951 онд БНМАУ-ын маршал Х.Чойбалсан Гандан хийдэд буй Улсын Архивын Төв Газрын ажил байдалтай танилцан өөрийн гэсэн орон байртай зайлшгүй болох, ус, чийг, шувууны цангас, гал түймэр мэт элдэв аюулаас хамгаалах шаардлагатай байгааг дурдан, холбогдох хүмүүст яаралтай арга хэмжээ авахыг даалгаж байжээ. Улсын Архивын Төв Газар нь 1957 онд улс орны хэмжээнд архивын хэргийг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага Улсын Архивын Хэрэг Эрхлэх Газар болж өөрчлөгдөн, бүтцийн хувьд өргөжиж, орон тоо нь нэмэгдсэн байна. 1970-аад оноос архив судлал, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа идэвхтэй өрнөхийн хамт, төв, орон нутгийн архив, албан хэрэг хөтлөлтийн шалган зааварлах, мэргэжил арга зүйчээр удирдах зохион байгуулалтын нэгдсэн систем тогтов. 1950-иад оны сүүлчээр ЗХУ-ын Москва хотын Түүх, архивын дээд сургуульд тогтмол хүн сургаж, 1981 оноос архивын тусгай мэргэжлийн дунд, 1988 оноос дээд боловсролтой боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх болжээ. 1980-аад оны дунд үеэс архивын тоо бүртгэл, эрдэм шинжилгээний лавлах санг боловсронгуй болгох ээлжит томоохон зорилтыг хэрэгжүүлж эхлэв. Харин 1990 оноос нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн улмаас Архивын албаны үйл ажиллагааны гол агуулга нь төрийн архивын үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох, архивын баримтыг ил тод, нээлттэй болгоход чиглэгдэх болов. Мөн тус Архивын байгууллагын гадаад харилцаанд ч дорвитой өөрчлөлт хийгдэж өргөжив. Үндэсний Төв Архив нь дараах зохион байгуулалттай. Үүнд: - Түүхийн баримтын төв
- Зураг төслийн баримтын төв - Кино гэрэл зураг, дуу авианы баримтын төв - МАХН-ын баримтын төв - Лавлагаа, мэдээлэл, судалгааны төв - Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв - Цахим сангийн төв
|