Гэр бүлийн өдөр
Ургийн холбоо ба гэр бүлийн уламжлал
Бэлтгэсэн: АЕГ-ын ЭША Г.Сэр-Од
        Гэр бүл гэдэг нь хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой бүлэг хүмүүс хэмээн нийтэд нь тодорхойлсон байдаг. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа үлдээх, өсгөж хүмүүжүүлэх улмаар нийгэмд бусадтай харилцаа тогтоох чадвар эзэмшүүлэх явдал юм. Гэр бүлийн зохион байгуулалт буюу гэр бүлийн тогтолцоо нь чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй боловч тэр нь янз бүрийн хэлбэрээр бүрэлдэн тогтдог байв. Ариун хайр сэтгэлийн судлаар, атгаг улс төрийн бодлогоор гэр бүлийн зохион байгуулалт, гэрлэлтийн тогтолцоо бүрэлдэж байсан нь цөөнгүй.
         Аливаа хөрш улс орнуудтай харилцах гадаад улс төрийн харилцааны нэгэн арга хэлбэр, энх тайвнаар зэрэгцэн орших утга агуулгатай гэрээ юм. Үүндээ гэр бүлийн асуудлыг тусгасан нь цөөнгүй.
Жишээ нь, Хүннү улс улам хүчирхэгжин бэхжихийн хэрээр Хан улс тэднийг зэвсгийн хүчээр дийлэхгүй гэдгээ ухаарч Хүннүг Төв Азийн хамгийн хүчирхэг улс гэдгийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч НТӨ 198 онд Хятадаар “хэцин” буюу энх ургийн гэрээ анх байгуулагдсан түүхтэй.
        Ураг барилдах буюу гэрлэх ёсон нь тухайн үеийн нийгэм, түүхийн шинж төрхийг харуулдаг нэгэн чухал үзэгдэл юм. Нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд гэрлэх хэлбэр нь эртний хэв заншилд үндэслэж буй учраас өрх гэр хэрхэн үүсч, төлөвших нь гэрлэлтийн зан үйл, бэлгэдэлд илүүтэй тусгагдсан байдаг. Эрт үеэс гэрлэлт эцэг эхийн мэдэлд, эхийн болон эцгийн эрхт нийгмийн шинж төрхийн аль нэгийг, зарим тохиолдолд хоёуланг нь илэрхийлсэн түүхэн баримт цөөнгүй байна.
       Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд Тэмүжин, Бөртэ хоёрын ургийн тухай тодорхой тэмдэглэсэн байдаг. Тэдний гэр бүлийн асуудал нь эцэг нь голлох үүрэгтэй оролцсон хэдий ч гуйх ургийн холбоогоор гуйн авсан албан ёсны их хатан нь болой. Тиймдээ ч насан багаас гачигдал зовлонтой үеэс ханилан сууж, жаргал зовлон, амьдралын түмэн бэрхшээлийг даван туулсаар тэнгэрийн доор нэгэн хүчирхэг нүүдэлчдийн гэр бүлийг үүсгэсэн юм.
        XII зууны эцсээр ураг хуримын ёсонд гуйх ураг цөөхөн тэмдэглэсэн байдгийн дотроос шинж чанар, ач холбогдлоороо баялаг нь Тэмүжин, Бөртэ нарын ураг, хуримын үйл юм. Тэдний ураг тогтолт нь энгийн нийгмийн харилцааны завсарт болсон феодалын хуримын зан үйл, язгууртны гэр бүлийн баялаг үр дагавартай, үзэл санааны хувьд үндэсний баатарлаг, бадрангуй өнгө төрхийг тодоос тод харуулсан болой.
     XVII зууны эхээр манж нар Өвөр Монголын аймгуудад эрх чөлөөгөө бэхжүүлж, өөрийн цэргийн хүчийг монгол цэргийн хүчээр сэлбэх, мөн хятадтай байлдахдаа, ар талаа найдвартай бэхлэх зорилгоор Халхын хан нартай холбоо тогтоохыг эрмэлзэж байсан юм. Манжийн эрх баригчид Өвөр Монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх, данс түүхнээ тэмдэглэх олон аргыг хэрэглэж Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэсэн юм.
       Үндэсний төв архивын сан хөмрөгт гэр бүл, ураг удмын талаар бие даасан хөмрөг байхгүй боловч “Ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэл цуглуулга” №М168, №А233 хөмрөгүүдэд Манж Чин улсын үеийн Монгол ноёдын ураг удам, угсаа залгамжлал болон гэрийн үеийн түүхийг тэмдэглэн үлдээсэн байдаг нь монголчуудын ургийн түүх, удмын хэлхээ хийгээд гэр бүл судлалд чухал эх сурвалж болох  нь дамжиггүй.
       Монголчуудын хуучны данс хараанд хэдий үеэс “тайж” хэргэмийг хэрэглэж эхэлсэн тодорхой тэмдэглэл тун бүрхэг бөгөөд Монголын зарим түүхийн тэмдэглэл, эртний домог яриа зэргийг үндэслэвэл, хаад ноёдын ууган хүүд “эрхт бэхи” цол олгодог байсан бөгөөд хааны ууган хүүг тайж(тайцзи) гэдэг байв. Ийн нэрлэх болсон нь нэлээд хожуу үеийн хэрэг ажээ. Сүүлээр нь тайжийн зэрэг хэргэмийг үе улируулан залгамжилсан үр хүүхдийг “тайж” хэмээн дуудах болсон нь түгээмэл байна. Мөн хожуу үед зохиогдсон  “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Асрагч нэрийн түүх”, “Гангын урсгал”, “Эрдэнийн товч”, Лу “Алтан товч” зэрэг сурвалжуудад Хадаан болон Нэгүн нарыг “тайш” хэмээн нэгэн адил тэмдэглэжээ.
            Алтан урагтны язгууртан тайж нар өвөг дээдэс уг удмыг тусгай хувиар олсон улс иргэн, газар нутгийг эзэмшиж байсан ч эд хөрөнгийн баян чинээлэг, эрх зэргийн хүрээ хэмжээ, аж амьдралын тэнхрэл ба доройтол зэрэг олон талын шалтгаанаас болж нэг хэсэг ядуурсан  буюу хохь тайж нар буй болсон байна. Эдгээр нь чинээлэг байр сууриа алдсангүй язгууртан тайж нарыг бодвол зөвхөн жинс зүүх л үүрэгтэй байсан нь архивын хуучин данс хараанд олонтоо тэмдэглэгдэн үлдсэн байна. 
        Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөг нь Манж Чин улсын эрхшээлийн үе, Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын үе, Ардын засгийн үе гэсэн түүхэн гурван үед хуваагддагаас Манж Чин Улсын эрхшээлд байсан үеийн баримт нь 224 хөмрөгийн 134.247 хадгаламжийн нэгжээс бүрддэг юм.                   Энэ үеийн хөмрөгөөс судлаачид төдийлөн түгээмэл ашигладаггүй цөөн тооны хөмрөг байдгийн нэг нь “Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл” хэмээх цуглуулга хөмрөг болно. Учир нь:
Нэгд, Ийм “Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл” хэмээх хөмрөг байдгийг дийлэнх нь мэддэггүй, зарим нь мэддэг боловч тэр бүр бүтээлдээ ашиглах нь ховор, дурдаад өнгөрөх нь элбэг байжээ.
Хоёрт,  Манж ба Богд хаант Монгол Улсын үеийн түмэн хүний, хэдэн мянган гэрийн үеийн бичмэл дотроос хэрэгтэй гэрийн үеийн бичмэлээ судлахдаа андуурч, будилдаг.
Гуравт, Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл” байгааг мэддэг байсан ч, үзэхийг хүссэн ч хуучин нийгмийн үед ангич, намч үзэл суртлын үүднээс “хар, шар феодалуудын түүх” хэмээх нийгмийн сэтгэл зүйгээс айдаг байсантай шууд холбоотой байна.
        Тиймээс эл өгүүлэлд  “Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл” хөмрөгийг товч танилцуулан, ач холбогдлыг түүхэн үүднээс эрэлхийлэх, тус хөмрөгийн баримтуудад судлаачдын болон өвөг дээдэс, удам угсаагаа мэдэхийг хүссэн хэн бүхэнд  товч танилцуулахыг зорьлоо.
        Үндэсний төв архивын сан хөмрөгт байгаа Манж Чин улсын үе, Богд Хаант Монгол Улсын үеийн баримт бичигт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх явцад тунаж үлдсэн олон материалуудын нэг нь  “Ноёд тайж  нарын гэрийн үеийн бичмэл” хэмээх цуглуулга архивын фондыг бүрдүүлжээ. Эдүгээ энэ гэрийн үеийн бичмэлүүд нь цаг хугацааны хувьд дараах хоёр хэсэгт хуваагдан хадгалагдаж байна. Үүнд:
       Нэг. Манж Чин улсын үеийн “Ноёд, тайж  нарын гэрийн үеийн бичмэл”                         №М168 хөмрөг. Уг хөмрөгт 1735-1911 оны баримт хамаарах ба дотроо 3 хэсгээс бүрдэж байна. Үүнд:
1 дүгээр данс нь: Түшээт хан, Засагт хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл 828 хадгаламжийн нэгж;
2 дугаар данс нь: Сэцэн хан, Сайн ноён аймгийн ноёд, тайж нарын гэрийг үеийн бичмэл 911 хадгаламжийн нэгж;
3 дугаар данс нь: “Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шастир”-ын 141 хадгаламжийн нэгж болно.
       Хоёр. Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын үеийн  “Ноёд тайж  нарын гэрийн үеийн бичмэл” Х №А233 хөмрөгт 1911-1921 оны 212 гэрийн үеийн бичмэл байна. 
      Манж Чин болон Богд хаант Монгол Улсын үеийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэлийн хөмрөгт нийт 2089 хадгаламжийн нэгж буюу мөн тэр тоон адил  гэрийн үеийн бичмэл хадгалагдаж байна. Тэдгээр хадгаламжийн нэгжийн доторх гэрийн үеийн бичмэлийг үйлдэхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн зурж үйлдэх хоёр аргын аль алиныг нь хэрэглэжээ. Гэрийн түүхийг “уг эх”, “гэрийн түүх”, “гэрийн үеийн бичмэл”, “гэрийн зураг”, “үе үеийн явдлын илтгэл” гэх мэт олон янзаар нэрлэж байсан боловч дээр өгүүлсэн түүхчлэн бичсэнийг “уг эх”, хүснэгтлэн зурж үйлдсэнийг “гэрийн үеийн бичмэл” гэж их төлөв нэрлэж байжээ [1]. Харин бидний үед гэрийн түүх, түүний дотор хүснэгтлэн зурж үйлдсэнийг “угийн бичиг” хэмээн нэрлэж, бичих явдал түгээмэл болсноор уг нэр  гэрийн түүхийг бүхэлд нь нэрлэн нэр томъёо болон хэлбэршин тогтсон байна.
        Гэрийн үеийн бичмэлийн нэлээд хэсгийг  ноёд, тайж нарын уг эх болон гэрийн үеийн бичмэл эзлэх  бөгөөд уг эхийг тэмдэглэсэн бичигт их зонхидоо ноёд, түшмэд, тайж нарын уг эхийг өгүүлэхдээ Тэмүжин-Чингис хаанаас тухайн ноён хүртэлх өвөг дээдсийг нь товч танилцуулан тэмдэглэснээс гадна тухайн цаг үед өрнөж байсан улс төрийн үйл явдал, аж амьдралыг товч атугай ч тусгасан сонирхолтой мэдээг цөөнгүй дурдсан байна. Мөн ноёд, тайж нарын уг эхийн өргөх дэвтэр, уг эх тодорхойлсон дэвтэр, уг эх байцаасан дэвтэр гэх мэт тухайн үед төрийн албанд зүтгэж байсан ноёд, түшмэдүүдийн зэрэг дэв, эрх ямба, ажил үүргийн тогтолцоог илтгэх баримтууд цөөнгүй байна.
Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл” цуглуулга хөмрөгийн баримт бичгүүдийг хошуу, хошуугаар ялгахаас гадна мөн хошуу дотроо:
1.Төрлийн тайж нарын гэрийн үеийн бичмэл
2.Харьяат тайж нарын гэрийн үеийн бичмэл
3.Насанд хүрч зэрэг гуйх тайж нарын гэрийн үеийн бичмэл гэж ангилж үзэж болохоор байна. Тэмүжин-Чингис хааны шууд удмын тайж нарыг төрлийн тайж, Тэмүжин-Чингис хааны дүү нарын удмын тайж нарыг харьяат тайж хэмээн нэрлэдэг.
        Гэрийн үеийн бичмэлийг цаас, даавуун дээр амьд байсныг нь улаан бэхээр, бие барсныг нь хар бэхээр тэмдэглэж, дөрвөлжин, урт нарийн/ өргөн нь 10см-1м, урт нь 1м-3м /дүгрэг/ гэрийн дээвэр мэт[2] /диаметр нь 1-5м хүртэл/ гэх мэт олон янзын хэмжээ, хэлбэртэйгээр үйлдэж, ноёдын уг эхийг ихэвчлэн данс хэлбэрээр бичиж үлдээжээ.
Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл” хөмрөгийн агуулга нь засаг ноёдын уг эх, зэрэг залгамжилсан гэрийн түүх, насанд хүрч зэрэг олгох хөвгүүд, хэргийн учир өөр аймаг хошуунд цөлөгдөж захирагдсан тайж нар, хөвгүүнгүй учир “балардсан” тайж нарын зэргийг сэргээн залгамжлагчдын гэрийн түүх, зарим томоохон хутагт нарын товч түүх, хошуудын газар нутгийг тодорхойлсонд түүхэн эх сурвалжийн үнэ цэнэ нь оршино.
            Эцэст нь, XIX зууны сүүл үеийн Монголын бичгийн их хүмүүн, тайж язгуурт Ванчинбалын Инжаннашийн хэлсэнчлэн “Нүд буй бөгөөд түүхээ үл үзэх нь сохор номин буюу, тайж бөгөөд угсаа юугаан үл мэдэх нь мунхаг гахай буюу”  хэмээхийг санан өвөг дээдэс, гэрийн үеийн бичмэлээ үйлдэх оюуны үйлс тань тунгалаг гэгээн байж,  өргөө хотол даяар цэнгэлдэн дуулахыг хүсэмжилмү.
 
[1]  А.Очир, Г.Дашням. Монголчуудын угийн бичиг, түүнийг сэргээн хөтлөх нь.УБ.,1991.Тал-4
[2]  МУҮТА, ТБА, Х.М168 , Д.2, ХН.46
 
Ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл цуглуулга
хөмрөгийн дээжээс
Бадаргуулт төрийн хорин тавдугаар он/1897/-д Түшээт хан аймгийн насанд хүрч зэрэг олгохыг эрж мэдүүлсэн төрөл тайж нарын гэрийн үеийн бичмэл [1]

[1]  МУҮТА, ТБА, Х.М168 , Д.2, ХН.70, Б.3
 

Далай Сэцэн хаан Бабогийн үр дэд да, жүн ван
Бат-Очирын хошууны ноёд тайжийн гэрийн түүх [1]

[1]  МУҮТА, ТБА, Х.М168 , Д.1, ХН.70, Б.3
 
Халхын Сэцэн хан аймгийн хорин гурван засаг хошууны үе улиран залгамжлах тушаал хэргэм зэрэг, хошуу зэргийг тодорхойлон байцаан хураангуйлан өргөх цес [1]

[1]  МУҮТА, ТБА, Х.М168 , Д.1, ХН.872, Б.1-65
 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook