ОРОН НУТАГТ АНХ УДАА АРХИВЫН ЗОРИУЛАЛТЫН БАЙРТАЙ БОЛЛОО
         
       Баянхонгор аймагт төрийн архивын зориулалтын барилга ашиглалтад орж 2019 оны 8 сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ. Уг барилгын нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, дэд дарга Ц.Гансүх болон Нийслэлийн архивын газар, төв, төрөлжсөн 10 архивын дарга, ажилтнууд,13 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтнүүд, архив, бичиг хэргийн ажилтнууд урилгаар оролцлоо.
 
 
 
 
       Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 25 дугаар тогтоолын дагуу Архивын ерөнхий газраас архивын нэг загварын байрны зураг төслийг боловсруулан, аймгуудад хүргүүлж, хэд хэдэн аймгууд архивын байр барих газартай болсон ч хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй өдийг хүрсэн билээ. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэг, орон нутгийн үе үеийн удирдлагуудын хүчин чармайлтын үр дүнд ийнхүү архивын зориулалтын байр Баянхонгор аймагт сүндэрлэлээ.
        Баянхонгор аймгийн архивын барилга нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 1,8 тэрбум төгрөгөөр баригдсан бөгөөд орон нутагт баригдсан анхны архивын зориулалтын байр юм.
Энэхүү барилга нь тэнхлэгээрээ 24м х 24м хэмжээтэй, гурван давхар бөгөөд 1512,6 м2 талбайтай, 498,7 м2 бүхий 6 хадгаламжийн сантай, сургалтын болон уншлагын, үйлчилгээний гэсэн 3 танхимтай, ажлын 8 өрөөтэй хийн болон усан хосолсон галын автомат системтэй, агааржуулалттай, дохиолол хамгааллын болон камерийн хяналтын системтэй ажээ.
 
 
 
 
 
 
 
 
        Баянхонгор аймгийн 80 жилийн түүхэнд холбогдох үнэт баримтыг найдвартай хадгалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох нөхцөл бололцоог бүрдүүлсний зэрэгцээ улс, орон нутгийн хэмжээнд жишиг архив боллоо гэдгийг байрны нээлтэд оролцогчид онцлон тэмдэглэлээ.
         Шинэ байрны нээлтийн ёслолтой хамтатган Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Төрийн болон байгууллагын архивын хөгжил, төлөвшилт” сэдэвт зөвлөгөөн, үзүүлэх сургуулийг Архивын ерөнхий газар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Баянхонгор аймгийн Засаг дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан гэрээг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын архивын салбарын түүхэнд анх удаа хөдөө орон нутагт зориулалтын шинэ байр бариулан, хүлээн авах ажлыг үр дүнтэй зохион байгуулж хадгаламжийн санг нягтруулсан тавиур шүүгээгээр хангасан, төрийн архивын сан хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажилд 12, лавлагаа үйлчилгээнд 4, нийт 18 ажилтныг гэрээгээр ажиллуулж цалин, техник хэрэгсэлд нийт 140 орчим сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн, цахим хэлбэрт шилжүүлэх баримтын 70 хувийг, хөмрөг үүсгэгч байгууллагын байнга хадгалах баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 95 хувьд хүргэсэн зэрэг томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг болон холбогдох удирдлага, төрийн архивын ажилтнуудад Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрийн өмнөөс талархал дэвшүүллээ.
 
 
         Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “түүхийн өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай үүрэг нь зөвхөн архивын салбарын үүрэг биш, нийт төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хүн бүрийн үүрэг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцлон тэмдэглэснийг дурьдаж, Архивын ерөнхий газар “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь төр засгийн зүгээс Монгол Улсын түүх, өв соёл, архивын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгож, салбарын хэмжээнд өгч байгаа үнэлэлт гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн Архивын тухай хуулийг шинэчлэн батлуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад орнуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримтыг илрүүлэн, эх хувь, хуулбар хувь авч үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэхэд төрийн бодлого, санхүүгийн дэмжлэг авч идэвхтэй ажиллах зайлшгүй шаардлагатай талаар танилцуулж, “архив яах вэ, өөр нэг байгууллагад барилга байр бариулъя” гэдэг үзэл хаа сайгүй байгаа нь архивын ач холбогдлыг ойлгоогүйн шинж бөгөөд энэ асуудал дээр удирдлага, албан тушаалтнууд нэгийг бодож, тунгааж ажиллах нь зүйтэйг санууллаа.
      Үзүүлэх сургуулийг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, Архивын тасаг, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Баянхонгор сумын ЗДТГ, “Номгон” ахлах сургууль, Өлзийт сумын ЗДТГ зэрэг байгууллагуудыг түшиглэн зохион байгууллаа.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook