ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
          Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе юм. Хүүхэд гэдэг тухайн ард түмний үр, удам угсааг үргэлжлүүлэх хүч, Эх орон мөнхөд бат бэх оршин тогтнох үндэс юм. Төр улс цэцэглэн хөгжиж байх эсэх нь ээж ааваас эхлээд эх орон, төр түмний сурган хүмүүжлээс ихээхэн шалтгаална.
         Монголчууд эртнээсээ хүүхдийг эрхэмлэн дээдэлж, хайрлан халамжилж, сурган хүмүүжүүлж байсан нандин сайхан уламжлалтай ард түмэн билээ. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиална хэмээх Монголын ардын зүйр цэцэн үг ч бий. 
           Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай” хуульд 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэнэ хэмээн заасан байдаг билээ.
           Монгол Улс “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д нэгдэн орсон түүхийг архивын данс хараанаас дэлгэн өгүүлье.
         1924 онд Хүүхдийн эрхийн тухай “Женевын тунхаглал” батлагдсанаар хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх үндэс суурь тавигдсан гэж хэлж болно. Улмаар 1959 онд НҮБ-аас “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг батлан гаргасан бөгөөд Польшийн Засгийн газраас 1979 онд хүүхдийн эрхийн тухай конвенц байгуулах саналыг дэвшүүлж, 10 жилийн хугацаанд боловсруулан, 1989 оны 11 сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батласан. Тус Конвенцэд дэлхийн 193 орон нэгдэн орсон бөгөөд 54 зүйл бүхий оршил, үндсэн, төгсгөлийн хэсгүүдээс бүрдэнэ. Конвенцэд хүүхдийн улс төр, нийгэм, соёлын эрх, түүнчлэн хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа, эцэг, эх, халамжлан хүмүүжүүлэгчийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон зэрэг тусгай заалтуудыг тусгасан байдаг.  
        1990 оны БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д гарын үсэг зурах эрхийг НҮБ-ийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч М.Дүгэрсүрэнд олгож, тус оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 126 дугаар зарлигаар “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д Монгол улс нэгдэн орсон түүхтэй.
/Үүнд холбогдох Үндэсний төв архивын данс хараанд хадгалагдан буй зарлиг, тогтоолуудыг доор хавсаргав/

     

 

         Конвенцийн үзэл санаанд нийцүүлэн Монгол Улс 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан баталснаар хүүхдийн эрх, хүүхдэд хамгааллын хууль зүйн үндэс бүрэлдэн тогтжээ. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Хүүхдийн эрхийн тухай” хуулийг шинэчлэн найруулж, улам төгөлдөржүүлэн баталсан.
        Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 онд их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд улмаар 1925-1940 онд Монголын пионерийн байгууллагын төв товчоо, 1940-1949 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны пионерийн байгууллагын төв зөвлөл, 1991 онд Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгуулжээ.
 
     
           Монгол Улс жил бүрийн 6 дугаар сарын 1-ийг Хүүхдийн баярын өдөр болгон тэртээ 1952 оноос тэмдэглэж эхэлжээ. 1995 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар “Эх үрсийн баярын өдөр” болгосон ба 2003 оноос дахин “Хүүхдийн баярын өдөр” хэмээн тэмдэглэх болсноор эдүгээ 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна
       Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг өнє эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!
 
Монголын үрс маш олон болтугай
 

Үндэсний төв архивын данс хараанаас дээжлэн хүргэж байна

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook