Агуу их ялалтын 74 жилийн ойд
МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮМЭН, УЛААН АРМИД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ
 
           БНМАУ нь дэлхийн  хоёрдугаар дайны хүнд бэрх жилүүдэд ЗХУ-ын талд баттай зогсож, өөрийн бүхий л хүч бололцоогоор сэтгэл харамгүй тусалсан орнуудын нэг билээ. Монголын ард түмний тусламжийн түүхийг нэхэн судлах нь Монголын шинэхэн үеийн болон манай хоёр ард түмний найрамдлын түүхийн судалгааг гүнзгийрүүлээд зогсохгүй дэлхийн II дайны түүхийг үнэн бодитойгоор судлан боловсруулахад зохих ач холбогдолтой юм.
           Зөвлөлтийн Эх орны дайн 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлсэн бөгөөд Монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс л Зөвлөлтийн Улаан армид чин сэтгэлээсээ туслахыг хүсч эрмэлзэж байсныг тухайн үеийн баримтуудаас үзэж болно. Монголчууд Улаан армид нэхий дээл, эсгий гутал, бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, ноосон цамц, нэхий хөнжил, морь мал, хоол хүнс, зэвсэг хэрэглэл зэрэг эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлж байсан бөгөөд Улаан цэргийн дарга, байлдагч нарт зориулан ирүүлсэн бэлгүүдийг хүлээн авах, хүргүүлэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комиссыг байгуулах шийдвэр гарч, 1941 оны 9 дүгээр сард “Бэлэглэлийн төв комисс” гэдэг тусгай байгууллагыг байгуулсан байна. Цугларсан бэлэглэлийн зүйлсийг Бэлэглэлийн төв комисс цуваа болгон илгээж байжээ. 
  • Анхны цуваа нь 1941 оны 11 дүгээр сард ЗХУ-ыг зорьсон бөгөөд уг цуваанд илгээсэн бэлэглэлийн зүйлсийн үнэ тухайн үеийн ханшаар 587.000 төгрөг болжээ.
  • 1942 оны 2 дугаар сард илгээсэн хоёрдугаар цуваанд нийт үнийн дүн 7.187.140 төгрөгөөр үнэлэгдэх бэлэглэлийн зүйлс багтжээ.
  • 1942 оны 11 дүгээр сард илгээсэн гуравдугаар цуваанд нийт 9.252.340 төгрөгийн бэлэглэлийн зүйлс багтжээ.
  • 1943 оны 3 дугаар сарын 01-ний өдөр илгээсэн дөрөвдүгээр цуваанд нийт  8.300.000 төгрөгийн бэлэглэлийг явуулсан.
  • 1943 оны 11 дүгээр сарын эхээр илгээсэн тавдугаар цуваа нь нийт 32 вагоноос бүрдэж байжээ.
  • Зургадугаар цуваа 1945 оны 1 дүгээр сард фронтод хүрсэн ба нийт 9 сая гаруй төгрөгийн бэлэглэл илгээсэн.
          Бэлгийн зүйлийг үйлдвэрлэх, бэлтгэх, цуглуулах, хүргэх асуудлыг хариуцсан Бэлэглэлийн төв комисс, аймаг, хот, байгууллагын салбар комиссууд, хүн бүр бүхий л чадлаараа ажиллаж байсан ба үүний үр дүнд Монголын ард түмний хөрөнгөөр ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 маркийн 32, Т-70 маркийн 21 нийт 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт Монгол улс” танкийн бригад, “Ла-5” маркийн 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг бэлэглэсэн юм. Монголоор овоглосон дээрх бригад, эскадрилийн бие бүрэлдэхүүн Монголын ард түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлж, олон ялалт байгуулсан бөгөөд хүнд цагт туслан дэмжиж буй Монголын ард түмэнд талархал илэрхийлсэн хэдэн арван захидал, цахилгаан ирүүлж байсан нь архивт хадгалагдаж байдаг. Монголын ард түмний бэлэглэлийн цувааны нийт дүн тоо, өртөгийн талаар судалгааны бүтээлүүдэд цөөнгүй тэмдэглэсэн байдаг. Гэвч эдгээр дүн тооноос гадна бэлэглэлийн зүйлсийг хуримтлуулах, тээвэрлэх зэрэг ажилд ихээхэн урсгал зардал гарч байсан юм.
          Үндэсний төв архивын сан хөмрөгт тэдгээр урсгал зардалд холбогдох цөөнгүй баримт хадгалагдаж байдаг. Тэдгээр баримтаас хоёр баримтыг кирилл монгол бичигт буулган танилцуулж байна.
                      Баримт №1
                   Үйлдвэрчин тариачны Улаан цэрэгт явуулах бэлэглэлийн ба зээрийн зэргийг тээвэрлэсэн машинуудад зарцуулсан бензин, тосны тодорхойлсон хүснэгт[1]
                                                                                                                                         1942 он
Ажилласан газруудын нэрс
Машины тоо
Зарцуулсан
Тайлбар
Бензин
Масло
1
Байшинтын районы зээрийг ачиж Баянтүмэнд тээвэрлэсэн ба буцаж Байшинтад ирсэн
21
13281
650
 
2
Өндөрханы районоос зээр ачиж Баянтүмэнд явсан ба буцаж Өндөрханд ирсэн
16
9509
470
 
3
Тамсагийн районоос зээр ачиж Баянтүмэнд очсон ба буцаж Тамсагт ирсэн
1
600
35
 
4
Матадын районоос зээр ачиж Түмэнд очсон ба буцаж Матадад ирсэн
1
350
20
 
5
Улаанбаатарын районоос зээр ачиж Цагаан эрэгт очсон ба буцаж Улаанбаатарт ирсэн
 
36

 

13083
700
 
6
Сайншандын районоос зээр ачиж Улаанбаатарт ирсэн буцаж Сайншандад очсон
7

 

2633
150
 
7
Улаан цэргийг  Уушгиас Цагаан эрэг хоёрын хооронд тээвэрлэсэн
3
335
20
 
8
Баянтүмэнээс Өндөрхан ба Байшинтад бензин тээвэрлэхэд хэрэглэх
7
1996
90
 
9
Бүх дүн
92
41787
2335[2]
 
 
            Бүх цэргийн жанжны орлогч, корпусыг командлан захирагч Лхагвасүрэн
МУҮТА, ТБА, Х-7, Д-2, ХН-608, Хуу-41

[1] Энэ баримт нь Цэргийн яамнаас 1942 онд Улаан армид зориулан агнасан зээрийг тээвэрлэсэн тээвэрт зарцуулсан бензин, тосны зарцуулалтын тооцоо бололтой.

[1] Энэ дүн тоо дээрх тосны зарцуулалтын нийлбэртэй 200-аар зөрж байна.

                        Баримт №2
1942 оны 12 сарын 14
Сайд нарын Зөвлөлийн бичгийн хуулга
Дугаар 1469
          Сангийн яамны орлогч дарга Бямба-д
          Октябрийн 25 жилийн ойн их баяраар Зөвлөлтийн Улаан армийн байлдагч нарт хүргэх бэлэглэлийн зүйлд хэрэглэсэн ангийн хэрэглэлийн үнэ 6729 төгрөг 12 мөнгийг доор дурдсан газрын данснаа Сайд нарын Зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс гаргаж шилжүүлэхийг даалгасугай.
  1. Улсын хэвлэлийн 4532 тоот данснаа шилжүүлэх 1 ширхэг баримтын ёсоор 5820 төгрөг 24 мөнгө.
  2. Цахилгаан комбинатын 4521 тоот данснаа шилжүүлэх 1 ширхэг баримтын ёсоор 234 төгрөг.
  3. Хотын худалдааны трестийн 4701 тоот данснаа шилжүүлэх 1 ширхэг баримтын ёсоор 37 төгрөг 50 мөнгө.
  4. Авто тээврийн нэгдүгээр баазын 4802 тоот данснаа шилжүүлэх 1 ширхэг баримтын ёсоор 20 төгрөг 88 мөнгө.
  5. Авто төмрийн заводын 4503 тоот данснаа шилжүүлэх 1 ширхэг баримтын ёсоор 607 төгрөг 50 мөнгө.
          Эдгээр бүгд нийлж 6729 төгрөг 12 мөнгийг шилжүүлсүгэй. Хуулбарыг тус бүрийн газарт нь явуулсугай.
Ерөнхий сайдын 2 дугаар орлогч сайд Сэрээтэр
МУҮТА, ТБА, Х-7, Д-2, ХН-608, Хуу-74
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН: ТБА-ЫН АРХИВЧ Х.ГЭРЭЛМАА

[1] Энэ баримт нь Цэргийн яамнаас 1942 онд Улаан армид зориулан агнасан зээрийг тээвэрлэсэн тээвэрт зарцуулсан бензин, тосны зарцуулалтын тооцоо бололтой.
[2] Энэ дүн тоо дээрх тосны зарцуулалтын нийлбэртэй 200-аар зөрж байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook