Түвэд үсгийн тэргүүн орчуулагч хүссэн Дотоодыг хамгаалах газрын нэгэн бичгийн тухай
/Бэлтгэсэн: МАЗУГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од/
           Дэлхий дахинаа “номт гурван орон”-ы тоонд монгол, түвэд нэр хамтад бичигдсэн байдаг билээ. Монголчууд Бурханы шашныг шүтэхийн хэрээр энэтхэг-түвэдийн соёл, зан заншилтай эртнээс танилцсаар ирсэн байдаг. Үүний нэгэн баримт бол XVIII зуунаас хойш монголчууд үндэснийхээ бичиг үсгийг хэрэглэхийн сацуу оюун билэг, ном зохиол бичихдээ түвэд хэлийг өргөн ашигласан байдаг билээ.
Бидний өвөг дээдэс Санаа бичиг, Өвөг Монгол бичиг, Хүннү-Руни бичиг, Кидан бичиг, Монгол бичиг, Дөрвөлжин бичиг, Али гали үсэг, Соёмбо үсэг, Хэвтээ дөрвөлжин үсэг, Эвхмэл үсэг, Тод бичиг, Вагиндрагийн үсэг, Латин үсэг, Кирилл үсэг зэрэг олон үсэг бичгийг зохион хэрэглэж байсан эх хэлний баялаг өв сантай болохоос гадна мөн гадаад хэлнээс орчуулж, бас гадаад хэл рүү орчуулж байсан гадны хэл бичиг бол түвэд хэл бичиг юм.
           Өнөөдөр “Үндэсний хэл бичгийн өдөр” тохиож буйн учир бичиг соёлоо дээдлэгч монголчуудын дунд нэгэн үе өргөн хэрэглэгдэж байсан түвэд хэлний талаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй арвин их баримтууд дундаас нэгэн баримтыг хөрвүүлэн та бүхэнд толилуулж байна.
           Хөрвүүлсэн нь: 
“ Монгол Улсын арван тавдугаар он есөн сарын арван наймны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраа хурлын олон гишүүд хуралдаж, зөвлөлдөн тогтоосон гучин дөрөвдүгээр хурлын бичиг.
...Тавдугаар зүйл. Үүний урьд Дотоодыг хамгаалах газраас тус газрын хүлээсэн албан үүрэг маш хүнд бөгөөд албан хаагчид элдэвт хүрэлцэхгүй самгардан буйн дээр ялангуяа дотоод, гадаадаас ирэх, явах түвэд үсгийн бичиг, захидал үлэмжхэн учир сэжиглэлтэй зүйл буй, үгүйг хянан магадлаж байцааваас зохих үүнд түвэд үсгийн тэргүүн зэргийн орчуулагч нэгэн орон нэмэгдүүлж, эл түвэд захидал, бичиг зэргийг хянан байцаалгасугай хэмээх учрыг гаргаж тогтоому хэмээн нэгэн зуун жаран тоот хуудас өргөсөн хэрд эл хэрэгт татгалзах эсэх санал гаргаж ирүүлээр зохих газруудад явуулаад тушаасан нь: Эдүгээ Хянан байцаах хэлтсээс эл хэрэгт Сангийн явдлын яамнаас дотоодыг хамгаалахын ийнхүү тэргүүн зэргийн түвэд үсгийн орчуулагч нэгэн орныг нэмэгдүүлэхэд татгалзахгүй гагцхүү түүний цалин хэрэглэлийг тус газрын тусгай ангийн төсөвлөсөн дансны нэгдүгээр зүйлийн үлдэгдлээс дүрмийн ёсоор шилжүүлэн батлуулж гүйцэтгүүлбээс зохих боловуу хэмээн хүргэж ирсэн үүнд, хянаваас энэ хэргийг Сангийн явдлын яамны саналын ёсоор явуулахад манай хэлтсээс татгалзахгүй хэмээх учрыг гаргаж тогтоон шийтгэмү хэмээн уг хуудсыг хүргүүлэн өргөсөн хэргийг хэлэлцээд,            Сангийн явдлын яам ба Хянан байцаах хэлтсээс ийнхүү хянасан нь зүйтэй болох тул ёсоор болгон баталж, Дотоодыг хамгаалах газраас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтов” хэмээжээ.
          Ийнхүү Ардын засаг төрөөс шашны талаар нарийн чанд бодлого баримтлахын зэрэгцээ төрийн аливаа хэрэгт үндэсний бичиг үсгийн хэрэглээг онцгой анхаарч байсан байна. Тэр дундаа гадаадын бичиг үсгийн дотроос дээрх мэт түвэд үсгийн тэргүүн орчуулагчтай болох талаар тусгай тогтоол гаргаж байсан нь төрийн хар хайрцагны бодлогын мэт харагдавч нөгөө талаар XVIII зуунаас ХХ зууны эхэн хүртэл шашны хурал номын уншлага хийгээд бичиг соёлын орчуулгад өргөн хэрэглэгдэж байсан түвэд бичиг нь монголчуудын бичиг үсгийн соёлын хүрээнд тодорхой орон зай эзэлж байсныг харуулж байна.
 
_______________________________________
1925.09.18 
МУҮТА, ТБА, Х.1, Д.2, ХН.3, Хууд.143-150

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook