МЭНДЧИЛГЭЭ
img
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн мэндчилгээг Архивын ерөнхий газрын нэрийн өмнөөс болон хувиасаа архивын ерөнхий газрын нийт ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлд, архивын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллагын удирдлагууд болон нийт архивчиддаа мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

Эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулж, монгол бичгийг төрийн бичиг хэмээн өргөмжилж, “Төрийн хэргийг цагаан цаасан дээр хөх бэхээр бичин дэвтэрлэж ургийн урагт хүргэсүгэй” хэмээн зарлиг буулгасан тэр цагаас Монголчууд төр улсынхаа түүх, бичгийн соёлын өвийг нандигнан хадгалж хойч үедээ өвлүүлж ирсэн баялаг түүхтэй билээ.

Үндэсний архивын сан хөмрөгт хэдэн зуунаар тоологдох Монгол улсын түүхэнд холбогдох баримт бичгүүд хадгалагдаж байна. Эдгээр баримт бичгүүд нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үнэт баталгаа болдог учир эх сурвалжуудыг найдвартай хадгалж, хамгаалах ажлыг бид хариуцан гүйцэтгэж байгаадаа бахархалтай байдаг билээ.

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хөнгөн, шуурхай хүргэх, архивын үйл ажиллагааг өргөжүүлэх, төрийн архив албан хэрэг хөтлөлтийг бэхжүүлэх чиглэлээр дэвшилтэт болоод шинэлэг томоохон ажлуудыг цаашдаа хийж бүтээхээр бид төлөвлөөд байна.

Улс орныхоо түүхийн хуудсыг хамт бичилцэх чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөх Архивчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжих болтугай.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

ДАРГА С.ЭНХБААТАР
 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook