АРХИВЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ХУРАЛДААН ЭРДЭНЭТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
img

Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXIII дугаар хуралдаан өчигдөр “МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА 1955-1985” он сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ.

Энэхүү хуралдаан нь энэ сарын 19-23-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуралдаанд Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба тэргүүтэй зочид, төлөөлөгчид болон АЕГ-ын удирдлагууд, мөн ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга, Комиссын Орос хэсгийн ахлагч А.В.Юрасов тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Тус хуралдааныг 1992 онд МУ-ын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан юм.

Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулагдаж, анхны хуралдаанаа 1992 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ. Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө нь далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх, Монгол-Оросын харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг дорвитой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын харилцааны холбогдолтой түүхийн нэн чухал баримт бичгүүдийг судлах, шилжүүлэн авах боломж бүрдсэн бөгөөд энэ нь түүхэн нөхцөл байдал, улс төрийн шалтгаанаар үүссэн ОХУ-д төлөх их өрийн асуудлыг шийдвэрлэх, улс төрийн хилс хэргээр баригдсан ОХУ-д цаазлагдсан МУ-ын ерөнхий сайд нарыг цагаатгах, гэгээн дурсгалын хүндэтгэх, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухай Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээр байгуулах зэрэг үйл явцад бодитой, эерэг нөлөө үзүүлснийг онцлон дурдах нь зүйтэй юм.

Харин энэ удаагийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXIII хуралдаанаар комиссын хамтын ажиллагаа, хамтран ажиллах протоколуудын биелэлтийг дүгнэх, “МАХН ба ЗХУКН-ын харилцааны түүхэнд холбогдох баримт бичгүүд /1953-1957/” оны архивын баримт бичгийн тухай болон “Архивын салбарт хамтран ажиллах Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах гэж байна.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook