“МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА 1955-1985” ОН СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
img

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг -Архивын ерөнхий газар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Архивын асуудал эрхэлсэн Агентлагаас хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь хоёр орны уламжлалт харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд цаашид хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар манай хоёр орны төрийн тэргүүн нар хүчин чармайлт тавьж байгаа өнөөгийн нөхцөлд, маргааш Эрдэнэт хотноо ажлаа эхлэх Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ХХIII хуралдааны арга хэмжээний хүрээнд болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Монгол, Орос хоёр улс айл хөршийн хувьд эрт үеэс найрсаг, нөхөрсөг, найрамдалт харилцаатай явж ирсэн баялаг түүхтэй билээ.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь Монгол, Орос улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал зурвас үеийн түүхийг архивын баримтанд тулгуурлан үнэн бодитойгоор нээн харуулахад чиглэгдэж байна. 1950-1980-аад он бол тухайн үеийн Монгол-Зөвлөлтийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч, Монгол орны эдийн засаг түргэн хурдацтай хөгжиж байсан он жилүүд юм.

Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь хоёр улсын гадаад худалдаа, бараа эргэлтийн өсөлт, хөгжилт, ЗХУ-аас манайд үзүүлж байсан эдийн засгийн зээл, тусламж, ХАА-н болон Төмөр замын салбар дахь 2 талын үр ашигтай хамтын ажиллагаа, БНМАУ Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлд /ЭЗХТЗ/ гишүүнээр элсэж, Зүүн Европын социалист орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байсан талаархи асуудалд холбогдох түүхэн үйл явдлыг тусган харуулсан архивын ховор баримт, гэрэл зургаас голлон бүрдсэн.
Энэхүү Үзэсгэлэн 6 дугаар сарын 19-23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн энэ хугацаанд хүрэлцэн ирж ховор чухал архивын баримтуудтай танилцах боломжтой юм.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook