БҮГД ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАХ ЯАМНЫ САН ХӨМРӨГИЙН БАРИМТААС...

Богд хаан 1912 онд Дотоодын зэрэг олон яамны хэргийг Бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулан сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон. Бүгд ерөнхийлөн захирах яаманд холбогдох баримт бичиг Үндэсний төв архивын сан хөмрөгт ХА-2, Данс 1-ээр 1911-1921 оны үеийг хамарсан, нэр төрөл, агуулгын хувьд айлтгал, зөвлөсөн хэрэг, харилцсан бичиг болон дотоод, гадаад бодлогын асуудалд холбогдох баримт бичгээс бүрдэж байна.

Тус яаманд Оросын консул сайдаас болон Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас ирүүлсэн Нийслэл хүрээний өнгө үзэмжийн талаар харилцсан бичгээс танилцуулъя.

 

Хамаарсан генерал консул сайдаас Хүрээн дэх хорооны олон монгол гудамж бүр бузар хог их болж, явахад захимжгүй бөгөөд халуун цаг орвоос хүнд өвчин гэм болж, бас ч манай орос хүн айл болж суух тул үүнийг олдвоос эрхэм сайд танаа гэгээнээр толилж урьдаас зайлуулан цэвэрлэж, хэрэгсэх цаасыг зохих газраас гаргуулахаар Богд хааны зарлиг буулгуулж болох эсэхийг хариу ирүүлэх ажаамуй хэмээн ирсэн хэрэг.

Их Орос улсаас зарлигаар гаргасан Нийслэл хүрээнд сууж Монгол газрын бүх Оросын хэргийг ерөнхийлөн шийтгэх хамаарсан генерал консул сайдын бичиг. Монгол улсын Дотоод зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд Түмэнхэн номун эзэн Сайн ноён хан танаа илгээв. Явуулах учир, сайд би нэгэн удаа Хүрээн дэх хоршооны газраа явж үзвээс монгол гудамжид нэлээд бузар хогийг хаяж нэг овоо болгосноор эдүгээ хүйтэн цагт зохимжгүй муу үнэр гарч хүнд зохимжгүй ба бас гудамжаар өнгөрөхөд бэрхтэй бөгөөд удахгүй дулаан цагт энэхүү хэнд ч хэрэггүй хогууд гэсэхэд өнгөрсөн жилүүдийн мэт муу халдвартай өвчин гарч олон залуу, өвгөд хүмүүсийн аминд машид хортой болохыг эмчийн сургаальгүй хэн боловч мэдэх бөгөөд мөн Хүрээнд монголчууд лугаа манай оросууд айл суух тул үүнийг эрхэм сайд Сайн ноён хан танаа айлтгаж олдвоос энэхүү хогийг урьдаар зайлуулан цэвэрлэх явдлыг зохих газруудад тушааж, хэрэгсэх цаас мөнгийг зохих азраас гаргуулахаар Богд хааны зарлиг буулгаж болох эсэхийг хариу ирүүлэх ажаамуй хэмээн найртай ёсоор илгээв.

Нэг мянга есөн зуун арван тавдугаар он февраль сарын арван найман.

 

 

Гадаадын яамнаас харьяат яаманд буулгасан Дээд зарлиг Нийслэл хүрээний баруун өмнө этгээдэд бүхий өндөр хогоос зүүн тийш залрахын замд хүртэл асгасан хог шороог сайтар арилгаж, үүнээс хойш нэмэн хог шороо асгах ба бас залрах замын ойр газраа шороо чулуу ухаж малтахыг цаазлан зогсоохтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж гүйцэтгэн шийтгүүлэхээр зохих газруудад явуулаад мэдэгдэн ирсэн хэрэг.

Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг. Бүгд ерөнхийлөн захирах яамнаа өргөн илгээв. Явуулах учир, энэ он дөрвөн сарын шинийн таванд манай Гадаадын яамны хамаарсан тэргүүн сайд ерөөлт жүн ван Ра-д Дээд зарлиг буулгасан нь. Нийслэл хүрээний баруун өмнө этгээдэд бүхий өндөр хогоос зүүн тийш залрахын замд хүртэл асгасан хог шороог сайтар арилган цэвэрлүүлж мөн үүнээс хойш тэрхүү газарт нэмэн хог шороо асгах ба мөн залрах зам тохиолдох газрын ойр шороо чулуу ухаж, нүх малтахыг үүрд цаазлан зогсоохтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж одоогийн нэгэнт асгасан хогийг хурдан арилган цэвэрлүүлэх зэрэг учрыг харьяат таван газраас түшмэлийг зарлан авч нүүр чичин чангалан тушааж манай яамнаас тусгай түшмэл томилон гаргаж харгалзуулан гүйцэтгүүлхээс гадна үүнийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Нийслэл хүрээ Маймаа хотын иргэдийн захирал түшмэл Цэрэн-Очир, Хамаарсан генерал кунсул сайдын яамнаа тус тус хуваан явуулан тушаагаад хүрмэгц уламжлан өөр өөрийн харьяат зохих газруудад чангалан тушааж буулагсан Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлсүгэй. Үүнийг басхүү Бүгд ерөнхийлөн захирах зэрэг таван яамнаа явуулаад байцаан үзүүлье. Үүний тул өргөн илгээв.

Олноо өргөгдсөний тавдугаар он дөрвөн сарын шинийн таван.  

 

 

ҮТА, ХА-2, Д-1, ХН-302, Б-1

ҮТА, ХА-2, Д-1, ХН-311, Б-2

 

ТБА  Э.Шижиртуяа

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook