МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАРИЛЦАА/ЭРТ, ЭДҮГЭЭ / ҮЗЭСГЭЛЭН
img

     Монгол улс, Америкийн Нэгдсэн Улсын ард түмний харилцаа зуу гаруй жилийн түүхэн уламжлалтай билээ. Энэ онд Монгол улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаад зориулан тус ойн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын Архивын Ерөнхий Газар, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам хамтран хоёр улсын харилцааны түүхийг харуулсан архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна. 
     Үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцааны түүхэнд холбогдох түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлж, хоёр улсын харилцааны түүхийн бодит үнэнийг нээн харуулж, Монгол, Америкийн ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлд тус нэмэр болоход оршино. 
Тус үзэсгэлэнд, Монгол Улсын Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архив, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгөөс хоёр улсын харилцааны түүхийг харуулсан ховор сонин баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино тавигдана. Тухайлбал, XIX зууны сүүлчээс Монгол нутгаар жуулчлан явсан Америкийн Нэгдсэн Улсын жуулчид, анчидыг батлан хамгаалж өнгөрүүлэх тухай баримт бичгүүд, Монголд  ажиллаж байсан Америкийн Нэгдсэн Улсын Андерсен Майер, Монголиа Трэйдинг компани зэрэг пүүсүүдтэй холбоотой баримт бичгүүд, Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын Засгийн газраас Америкийн Нэгдсэн Улстай найрамдалт харилцаа тогтоох талаар тавьсан хүсэлт, албан захидлууд, Богд хаан, Монгол Улсын Засгийн газраас Америкийн Нэгдсэн Улсаас тусламж хүссэн бичгүүд, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас түүнд хандсан хандлага, ДИУ дахь Америкийн Нэгдсэн Улсын консулын газруудаас Монголын талаар бэлтгэсэн нууц мэдээнүүд, Азийг судлах III ангийн тэргүүлэгч Рой Чепмен Эндрюсийн экспедиц, түүний Монгол нутагт хийсэн судалгаа, 1944 онд БНМАУ-д айлчилсан Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Хенри Уэльсийн айлчлалтай холбоотой мэдээ, гэрэл зураг, баримтат кино, НҮБ-д БНМАУ-ын элсэх хүсэлт, Америкийн Нэгдсэн Улсын  байр суурь, хүйтэн дайны үеийн хоёр улсын харилцааны түүхэнд холбогдох баримтууд, 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ, АНУ хоорондын дипломат харилцаа тогтоосон меморандум, хоёр улсын төрийн тэргүүн, албаны хүмүүсийн харилцан айлчлал, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүлийг хамгаалах, батлан хамгаалах салбарт байгуулсан гэрээ хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон түүхэн баримтуудыг дэлгэн тавьсан болно. 
     Тус үзэсгэлэн 2012 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны “Номин” танхимд нээлтээ хийсэн бөгөөд Үндэсний төв архивын Үзэсгэлэнгийн танхимд 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэн гарна.


Сонирхсон хүн бүхэнд нээлттэй.
Та бүхэн үзэж сонирхоно уу.


Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвабаяр

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook