Цаасан баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
img

Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд /2015.11.18/ “Архивын баримтын хадгалалт хамгаалалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Архивын ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд архивын баримт, түүний судлагдсан байдал, хадгалалт, хамгаалалтын асуудлаас гадна эртний монгол цаасны судалгаа, бичгийн эд өлгийн уламжлал, бичиг соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын тухай сэдвээр дотоодын болоод гадаад улсын мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, удирдан зохион байгуулсан юм. Тодруулбал, ЮНЕСКО-ийн Соёлын хөтөлбөрт тусгагдсан Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд ХБНГУ-ын мэргэжлийн сэргээн засварлагч Дирк Фэрлманн, Арнау Монсонис Номдедью нарыг урьж оролцуулан нийт 40 гаруй мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав.

Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн зорилго нь архивын баримтат өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын найдвартай орчин бий болгох, олон нийтэд чанарын өндөр түвшинд бэлтгэж бүрдүүлсэн баримтаар үйлчлэх, Монгол Улсын архивын хөгжлийг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх урьдчилсан нөхцөл бололцоо бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр Үндэсний архивын баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, тулгамдсан асуудлын талаар онцлон ярьж байлаа. Тодруулбал,  “Орон нутгийн архивуудын хувьд өнөөдрийн байдлаар 47,6% нь аймгийн Засаг даргын тамгын газрын байранд, 23,8% нь өмнө ашиглагдаж байсан хуучин байранд /сургууль, цэцэрлэг, музейн хамт/, 14,28% нь ЗДТГ-ын подвальд, 14,28% нь байрны нөхцлөө сайжруулж, засаж тоноглосон өрөөнд байрлаж байна. Хэдийгээр байрны асуудал хүндрэлтэй байгаа боловч Дорноговь, Говь-Алтай, Төв, Өвөрхангай аймгийн архивууд байрны асуудлаа шийдэж, баримтын хадгалалтын тохиромжтой нөхцлийг бүрдүүлэн, ажилтнуудын ажиллах орчинг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх нөхцлийг бүрдүүлж чадлаа”  хэмээсэн юм.

Түүнчлэн ҮТА-ын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв жилдээ 2000 гаруй боть баримт сэргээн засварлаж байгаа хэдий ч баримт бичиг сэргээн засварлах зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байна гэдгийг хэлж байв. Иймд шаардлагатай арга хэмжээг авч, удирдах шатны байгууллагад тухай бүрт мэдээлэн хүндрэл үүсгэлгүй ажиллаж байгаагаа онцлон хэллээ.

Цаасан баримтат өв сэргээн засварлагчдыг мэргэшүүлэх төслийн хүрээнд хоёр өдрийн мэргэшүүлсэн сургалт зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хурлаар хаалтаа хийн нийт оролцогчдод гэрчилгээ олгож байгаа юм. Энэ удаагийн мэргэшүүлэх сургалтад ҮТА-ын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, аймаг, орон нутгийн архив, салбар, төрөлжсөн архив, Үндэсний төв номын сан,  Гандантэгчинлэн хийд, Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжинламын сүм музей,  Соёлын өвийн төв зэрэг байгууллагын мэргэжилтнүүдийг хамрууллав.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook