АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЛОО
img

Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, ҮТА-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА-ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг 2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХУГАЦААГААР ТҮР ЗОГСООЖ байна.

 

/Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 366 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/263 дугаар тушаалыг үндэслэн Архивын ерөнхий газрын даргын  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/159 дугаар тушаалын дагуу нүүлгэн шилжүүлэлтийг хийж байгаа болно./

Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсныг Хууль зүйн сайдын тушаалаар энэ оны есдүгээр сард дахин эхлүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэн ийнхүү 2015 оны 12 дугаард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Буянт-Ухаа 2 хорооллын баруун талд байрлах архивын шинэ цогцолбор байр ашиглалтад ороход бэлэн болоод байна. Монгол Улсын түүх, соёлын архивын баримт, биет үзмэр, бүтээл хадгалах архивын газар нь олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийн сан, лаборатори, нийтийн зориулалт бүхий 16,700 м2 зориулалтын байртай болж байгаа юм.

Одоогийн байдлаар архивын байгууллагын нийт ажилтнууд шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд архивын баримтыг гэмтэж устахаас хамгаалж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, архивын баримтыг тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16,700 хайрцаг, 37,500 уут архивын баримтыг нүүлгэх юм.

Тус байр ашиглалтад орсноор архивын нөхөн бүрдүүлэлийг 50 жил хийх бөгөөд тухайн цогцолборын дэргэд өргөтгөл хийх бүрэн боломжтойгоороо онцлогтой. Мөн түүхэн ач холбогдолтой баримтуудыг нэг байранд төвлөрүүлснээр дэлхий дахинд Монгол үндэстний онцлог, уламжлалт соёл,  түүхийн өвөө сурталчлах, олон талын Монгол судлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Шинэ цогцолбор ашиглалтад орж, архивын барилгын хадгалалт, хамгаалалт, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар архивын салбар орчин үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой юм.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын үйл ажиллагааг түр зогсоох тухай албан бичиг хүргүүлээд байна.

Нүүлгэн шилжүүлэлтийг богино хугацаанд түргэн шуурхай зохион байгуулахад Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль зэргээс хүн хүч, техник хэрэгслээ оролцуулахаар болсон юм.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбогдуулан архивын үйлчилгээг түр хугацаанд зогсоож байгааг иргэд, олон нийт нааштайгаар хүлээн авч, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook