Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
img

Дуу, дүрс бичлэгийн өвийг хадгалан хамгаалах зайлшгүй шаардлага байгааг үндэслэн  жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэхийг 2005 онд ЮНЕСКО-гоос дэлхий нийтэд уриалсан. Эл өдрөөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гишүүн орнууддаа хандан илгээлт хүргүүлдэг байна.
Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ жил  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогч нийт залуусыг дунд зохион байгууллаа. Зуун зуун жилийн өмнөх зарим бүтээл өнөө үед та бидний хосгүй өв болон хадгалагдсаар байна. Харин өнөөдрийн хэн нэгний онцгой бүтээл хэзээ нэгэн цагт хосгүй өв болох нь гарцаагүй.
Уг уралдаанд нийт 260 гаруй гэрэл зураг ирсэн бөгөөд тус шагнал гардуулах үйл ажиллагааг нээж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул болон Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч П.Даваасүрэн нар үг хэлэв. Мөн уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын “Мэдээлэл, харилцаа холбоо”-ны зөвлөх Андреа Кайрола хүрэлцэн ирсэн юм.
Уг уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр 10 дугаар сарын 27-нд Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, оролцогчидоос гурван байр тодруулж мөнгөн шагнал өргөмжлөл гардууллаа. Энэ уралдааны нэгдүгээр байрыг В.Одбаяр, хоёр, гуравдугаар байруудыг Г.Баясгалан, Д.Цэрэнпүрэв нар эзэллээ. 
Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн дараагийн ажил бол ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс болон Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив хамтран тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй дуу, дүрсний баримтуудын тухай 20 минутын телевизийн захиалгат нэвтрүүлэг бэлтгэн хийж MNB, C1, NTV телевизүүдээр 10 дугаар сарын 27-ны өдөр үзэгч олонд хүргэсэн билээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook