Ардын засгаас Халимагийн ард түмэнд тусалсан тухай
Бэлтгэсэн: МАЗУГ-ын ЭША Г.Сэр-Од
          Улс орон, ард иргэдээ болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах үүрэг, зорилго хүлээсэн хүмүүс бол Онцгой байдлын албаныхан болно.
          Монголын төрөөс ард иргэдийнхээ амгалан тайван байдал, онц байдал тохиосон үед зөвхөн өөрийн ард түмнээ гэлтгүй нийт монгол угсаатны хэмжээнд харж, тодорхой арга хэмжээ авч байсан түүх цөөнгүй. Үүний нэгэн тод жишээ бол ХХ зууны 20-иод онд монгол угсааны Халимагийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд Монгол Улсын Ардын засгийн газраас тусламж үзүүлж, асран тэтгэмжлэх талаар онцгойлон авч хэлэлцэж байжээ.
          Үндэсний төв архивын арвин сан хөмрөгт хадгалагдан буй Ардын төрөөс ард иргэддээ үзүүлж байсан тусламж, тэтгэмжийн үйл ажиллагаанд холбогдох нэгэн сонирхолтой баримтыг кирилл үсэгт хөрвүүлэн танилцуулж байна.
          Баримт:
            “ Олноо өргөгдсөний арван гуравдугаар он цагаан сарын хоёрны өдөр/европын гуравдугаар сарын арван гурван/ Засгийн газраа хурлын олон гишүүдийн хуралдаж зөвлөлдөн  зөвлөлдөн тогтоосон нэгдүгээр хурлын бичиг.
Тавдугаар зүйл. Халимагийн өлсгөлөн тохиолдогсдод тусламж үзүүлэх Төв Хорооны төлөөлөгчөөс, харьяат өлсгөлөнд тохиолдсон ардуудыг Монголын газар нүүлгэн ирүүлж, хэрхэн тэнхрүүлэн хүмүүжүүлэхийг тогтоон шийтгэмүй хэмээн зүйлчилэн жагсааж мэдүүлснийг хэлэлцээд:
         Нэг, энэхүү Халимаг ардыг нүүлгэн ирүүлэхэд зүй нь харьяат Халимагийн ардуудаас өөрсдөө комисс томилбоос зохих бөгөөд манай Монголын Ардын Засгийн газраас Зөвлөлийн Засагт Орос улсын нийслэл Москва хотод суугаа Бүрэн эрх барих элчин сайдаас ойрыг үзэж төлөөлөгчийг томилон харьяат комисст суулгаваас зохимой.
         Хоёр, энэхүү Халимагуудыг нүүж ирэхүйд тэнхрүүлэн хүмүүжүүлэх үүрэг маш хүнд. Манай Монгол Ардын засаг тулгар тогтож, санхүүгийн аривжин чадаагүй тул замын хэрэгсэл зүйлийг гагцаар хүлээхэд нэн бэрхтэй. Зүй нь харьяат Халимагийн автономит мужийн төлөөлөгч ба Орос, Монгол Засгийн газар гурван этгээдээр зөвлөн хэлэлцэж зүй зохисоор хавсран гүйцэтгэвээс зохимой.
         Гурав, эдгээр Халимаг ардуудыг нүүдлэн хүрч ирмэгц харьяат олон аймгуудын дотор тэдний өөр өөрийн амьдран хүмүүжиж болох аль зохистой газар тусгай нутаг заан олгож хуваан суулгамой.
        Дөрөв, Халимаг ардуудад суух орон гэрийг манай Засгийн газраас бэлтгэн олгохоос гадна бас өрх бүрт зохисыг үзэн мал олгон, тэжээн тэнхрүүлэх явдлыг Засгийн газраас хойш тушааж гүйцэтгэхээр тогтов.
Ерөнхий сайд  Дамдинбазар
Жинхэнэ орлогч, Гадаад яамны сайд Цэрэндорж
Зөвлөх түшмэл Жалбадорж нар... хэмээжээ.
 
Ардын засгаас өлсгөлөнд нэрвэгдсэн нэгэн угсааны Халимагийн ард түмэндээ туслахаар шийдвэрлэсэн Ардын Засгийн газрын гишүүдийн хуралдсан нэгдүгээр хурлын бичгийн эх хувилбар.
Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын сан хөмрөгөөс.
 
           Ийнхүү шинэ тулгар байгуулагдсан боловч зөвхөн өөрийн ард түмэндээ төдийгүй нийт монгол угсаатан олны асуудалд онцгой анхаарч, боломж бололцооны хэрээр аюул зовлонт үед тус дэм үзүүлэхийг Монголын төр, засгаас зорьж байсан нь дээрх ХХ зууны эхээр өлсгөлөнд нэрвэгдсэн Халимагчуудад туслах Ардын засгийн газраас тогтоосон бичгээс тодорхой харагдаж байна. 
 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook