ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ “СҮМЧИН” ЗУРАГ ТӨСЛИЙН ТОВЧООНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ АРХИВЫН БАРИМТААС
           Монголын түүх, соёлд холбогдох баримтыг Үндэсний төв архивын сан хөмрөгт төвлөрүүлэн хадгалж байдаг.
           Эдгээрийн нэг нь Зураг төслийн баримтын архивын сан хөмрөгийн “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газрын зураг төслийн товчоон”-д боловсруулсан зураг төсөл, техникийн баримт хамаардаг.
           “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газрын зураг төслийн товчоон”-ы түүхийг тодруулвал;
           Түүх соёлын дурсгалт барилга, байгууламж нь Монголын ард түмний соёлын түүхийг ирээдүй хойч үед таниулах онцгой дурсгал юм. Манай улс түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хамгаалалтад авах зорилгоор анх 1970 онд “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах хууль”-ийг баталж, 1971 онд Монгол орны нутаг дэвсгэрт буй 900 гаруй түүхийн дурсгалыг бүртгэн тэдгээрт зэрэглэл тогтоон, улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан байна.
           1972 онд Улсын барилгын зургийн төв институтын Орон сууц, иргэний барилгын товчооны орон тоонд багтаан 6 хүний бүрэлдэхүүнтэй “Эртний түүхийн дурсгалт барилга архитектурыг сэргээн засварлах тусгай групп”-ийг анх байгуулжээ. Тус групп байгуулагдснаар түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үйлдвэрлэл судалгаа шинжилгээний ажлыг хослуулан гүйцэтгэх эх суурийг тавьжээ. Эртний түүхийн дурсгалт барилга архитектурыг сэргээн засварлах тусгай групп нь дурсгалт барилга байгууламжийн түүх, архитектур, урлаг уран сайхан, инженерийн хийц, материалын бүтэц, барьж босгосон арга технологи, эвдрэл гэмтлийн байдал зэргийг бүх талаас нь нарийвчлан судалсны үндсэн дээр сэргээн засварлалтын ажил хийж эхэлсэн байна. Сэргээн засварлалтын ажлыг хийхдээ уламжлал ба орчин үеийн дэвшилтэт аргуудыг хослуулан, барилга байгууламжийн анхных нь хэлбэр байдлыг бүх талаар хадгалах, материал хийц хэсэглэлийг нь аль болох хэвээр үлдээх, чанаржуулан бэхжүүлэх чиглэлийг баримталж байжээ.
 Эртний түүхийн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах тусгай групп байгуулах тухай Улсын барилгын зургийн институтын захирлын тушаал. 1972.08.11.
          Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 422 дугаар тогтоолоор Соёлын яамны харьяанд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар” байгуулагдаж зураач, сийлбэрч, мужаан, дархан зэрэг мэргэжлийн ажилтнууд ажиллах болсон байна.
          Улмаар Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Соёлын яамны харьяа “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар”-ыг Улсын барилгын зургийн төв институтын “Эртний түүхийн дурсгалт барилга архитектурыг сэргээн засварлах тусгай групп”-тэй нэгтгэн,  тус институтын харьяанд “Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах үйлдвэр шинжилгээний товчоо” болгон бүтэц ба үйл ажиллагааг нь өргөтгөсөн байна.
          Гэвч тун удалгүй Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор “Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах үйлдвэр шинжилгээний товчоо”-г Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны харьяанд шилжүүлж “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар” нэртэй болгожээ.
          Соёлын яам, Барилгын яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 225/93 тоот хамтарсан тушаалаар “Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар”-ын харьяалалыг өөрчлөн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Соёлын яамны харьяанд шилжүүлсэн байна. Мөн оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Соёлын яамны сайдын 290 дүгээр тушаалаар “Түүх, соёлын дурсгал сэргээх газар”-ын Зургийн группийг яамны шууд харьяанд “Зураг төслийн товчоо” болгон аж ахуйн тооцоотойгоор байгуулсан байна. Улмаар Соёлын яамны сайдын 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар “Сүмчин” зураг төслийн товчоог татан буулгаж, “Түүх соёлын дурсгал сэргээх газар”-тай нэгтгэсэн байна.
 
“Сүмчин” зураг төслийн товчоог татан буулгах тухай
Соёлын яамны сайдын тушаал. 1993.03.01.
 
          Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Түүх, соёлын дурсгал сэргээх газрыг хувьчилжээ. Түүх, соёлын дурсгал сэргээх газар нь хувьчлагдаад “Уран барилга” ХК болсон байна.   
 
Түүх, соёлын дурсгал сэргээх газрыг хувьчлах тухай
Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын тогтоол. 1994.11.15.
 
            Соёлын яамны сайдын 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар тушаалаар Түүх, соёлын дурсгал сэргээх газар нь хувьчлагдаж “Уран барилга” ХК болсон байна.
 
Архивын баримт бичиг шилжүүлэх тухай
Соёлын яамны сайдын тушаал. 1996.01.30.
 
           Түүх, соёлын дурсгал сэргээх газарт хобогдох баримтыг Соёлын өвийн төвийн архивт шилжүүлэх тухай Соёлын яамны сайдын тушаал гарсан хэдий ч 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Уран барилга” ХК нь  Үндэсний төв архивын Шинжлэх ухаан, техникийн зураг төслийн тасагт Баримт материал шилжүүлсэн тухай актаар Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах “Сүмчин” зураг төслийн товчооны байнга хадгалах 1961-1990 оны баримтыг хүлээлгэн өгсөн байна.
           Улсын барилгын зургийн төв институтын Орон сууц, иргэний барилгын товчооны харьяанд “Эртний түүхийн дурсгалт барилга архитектурыг сэргээн засварлах тусгай групп” нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш “Сүмчин” зураг төслийн товчоо нь Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Гэсэр сүм, Жанрайсэг сүм, Гандандэгчинлэн хийд, Дамбадаржаалин хийд, Дашчойлин хийд, Чин ван Ханддоржийн байшин, Архангай аймаг дахь Заяын хүрээ, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Төвхөн хийд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу хийд, Булган аймаг дахь Баруун замын байлдааны штабын байшин, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Амарбаясгалант хийд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Ардын намын түр хороо, түр Засгийн газрын байр зэрэг түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийг хэсэгчлэн буюу бүрэн байдлаар сэргээн засварлахаас гадна эвдэрч гэмтэхээс сэргийлж хамгаалалт, бэхэлгээний ажил хийсэн байна.
 
 
 
 
       “Сүмчин” зураг төслийн товчооны мэргэжлийн ажилтнууд Монголын соёлын өвийн нэгээхэн хэсэг болох барилга, архитектурын үнэт дурсгалыг сэргээн засварлахын зэрэгцээ  хүрээ хийд, сүм дугана, барилга байгууламж, хөшөө дурсгалуудын түүх, судалгаа шинжилгээ, хэмжилтийн болон сэргээн засварлалтын ажлын зураг, төсөв, түүхэн болон аман судалгааны эх сурвалж, фото болон гар зургийн альбомоор хосгүй үнэт баримт бүрдүүлсэн нь Монголын ард түмний барилга, архитектурын өв соёл, түүхийг хойч үедээ таниулах чухал эх баримт болж байна.

          Зураг төслийн баримтын архив Э.Шижиртуяа

 

 
 
 
 
 
 

 

 

 

 

 
 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook