Гадаад хамтын ажиллагаа

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нэг. ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЧЛЭЛ

Архивын ерөнхий газар нь архивын олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэж, тэдгээр байгууллагуудаас зохион байгуулдаг үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог.

1. Олон Улсын Архивын Зөвлөл /ICA/

АЕГ нь Олон Улсын Архивын Зөвлөлд 1991 онд гишүүнээр элссэн бөгөөд 4 жилд 1 удаа болдог Нэгдсэн чуулганд оролцож, туршлага судлан, илтгэл тавих, өөрийн тайланг жил бүр хүргүүлэх, мэргэжлийн ном, хэвлэл солилцох зэргээр үйл ажиллагаанд тогтмол хамрагдаж байна.

2. ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн салбар /EASTICA/

Монгол Улсыг төлөөлж Архивбн ерөнхий газар нь 1993 онд ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн салбарын А ангилал буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр элссэн. Жил бүрийн уулзалт, семинарт манай улсын төрийн архивын мэргэжилтнүүд тогтмол оролцож бүс нутгийн архивчидтай тодорхой сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцож, зөвлөлддөг. Энэ бүсийн салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа сургалтад манай архивчид хамрагдан, мэргэжил дээшлүүлсэн. 2006, 2012 онуудад Зүүн Азийн бүсийн салбарын ээлжит семинарыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсан.

3. ОУАЗ-ийн Евро-Азийн бүсийн зөвлөл /EURASICA/

Тус зөвлөлд Монгол Улсын Архивын ерөнхий газар нь 2001 онд ажиглагч гишүүнээр элсэн орж үйл ажиллагаанд нь хамрагдаж байна.

4. Олон улсын Кино архивын холбоо /FIAF/

ЮНЕСКО-ийн ивээлд байдаг Олон улсын Кино архивын холбоонд манай байгууллага 2005 онд элссэн бөгөөд холбооноос зохион байгуулж буй хуралд төлөөлөгчөө оролцуулдаг. Тус холбоонд бид жил бүр статистик  судалгаа, үйл ажиллагааны тайланг хүргүүлдэг бөгөөд олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, хамтран ажиллаж байна.

Хоёр. ХАМТРАН АЖИЛЛАДАГ ГАДААД ОРНЫ ИЖИЛ ТӨСТЭЙ БАЙГУУЛЛАГУУД

Архивын ерөнхий газар нь боловсон хүчин сургах, бэлтгэх, туршлага солилцох, Монгол Улсын түүхэнд холбогдолтой түүхэн баримтыг хуулбарлан авах, солилцох, архивын баримтын хамтарсан үзэсгэлэн гаргах, ном, эмхэтгэл бэлтгэх, архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, хамтарсан комиссын шугамаар гадаад хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу гадаад орнуудын архивын байгууллагуудтай хамтран албан ёсны гэрээ байгуулах буюу харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна. Үүнд: ОХУ-ын Холбооны архивын агентлагтай 1992 он, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай 2007 оноос хойш албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ХБНГУ-ын Холбооны архивын агентлагтай 2003 он, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Данс эвхмэлийн товчоотой 2003 он, БНСУ-ын Үндэсний архивын газартай 2002 оноос хойш тодорхой төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны эхлэлийг тавихаар Япон улсын Үндэсний архивын газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Бүртгэлийн архивын агентлагтай харилцан тохиролцож гэрээ байгуулах шатандаа явж байна.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook