Түүхийн сан хөмрөг

ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВ- САН ХӨМРӨГИЙН ТАНИЛЦУУЛГА –ТҮҮХИЙН САН ХӨМРӨГ

Түүхийн баримтын архив нь анх 1968 онд Улсын Түүхийн төв архивын дэргэд Аж ахуй тооцооны хэсэг нэртэйгээр байгуулагдан байгууллагуудын баримт бичгийг архивын дүрэм зааврын дагуу эмхлэн цэгцлэх, данс бүртгэл үйлдэх, төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үйл ажиллагаа явуулж байв.

1991 онд Аж ахуй тооцооны хэсгийн суурин дээр Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын тасаг нэртэй болсон.

1996 онд Улсын архивын газрыг Хууль зүйн яаманд харьяалуулж Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болгоход Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын тасгийг Орчин үеийн баримтын төв, Түүхийн баримтын төв хэмээн хоёр хуваасан байна.

2003 онд Орчин үеийн баримтын төв, Түүхийн баримтын төвийг нэгтгэж Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, тоо бүртгэлийн тасаг нэртэй болгосон.

2009 онд Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, тоо бүртгэлийн тасгийг Түүхийн баримтын төв болгосон.

2014 оноос Түүхийн баримтын архив болж одоог хүрэл Түүхийн баримтын архив нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

          Түүхийн баримтын архивын эрхэм зорилго: Монголын ард түмний амьдрал хөгжлийн түүхийг тусгасан түүх эрдэм шинжилгээ, нийгэм улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой, цаасан суурьтай баримтаар төрийн архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулах, хадгалах хамгаалах явдал юм.

          Үйл ажиллагааны чиглэл:  Түүх,  эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий  түүхэн баримтыг сонгох, цуглуулах, нягтлан шалгах, сан хөмрөгийг нөхөн баяжуулах, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх, тоо бүртгэл хөтлөх, архивын баримтыг олон нийтэд ашиглуулах, байгууллага иргэдэд мэдээллээр үйлчлэх, архивын баримтыг зохих горимын дагуу хадгалахад оршино.  

          Түүхийн баримтын архивын нөхөн бүрдүүлэлтийн онцлог нь Монголын нэн шинэ түүх болон эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын үүсэл хөгжлийн холбогдолтой архивын баримт бичгүүд, төр захиргааны байгууллагын орчин цагийн баримт болон нийгэм, улс төр, соёл, шинжлэх ухааны гарамгай зүтгэлтнүүд, түүхэн бие хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны холбогдолтой ховор нандин  баримтуудаар төрийн архивын сан хөмрөгийг байнга баяжуулахад оршдог. Тус архив нь сан хөмрөгөө нөхөн баяжуулах чиг үүргээ  биелүүлэхийн тулд сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх жагсаалт боловсруулах, хөмрөг үүсгэгч байгууллагаа зөв оновчтой сонгох, хөмрөг үүсгэгч байгууллагатай ажлын уялдаа холбоотой ажиллах, хөмрөг үүсгэгч байгууллагуудын архивын ажилд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх, төрийн архивын сан хөмрөгийг байнга хадгалах бүрэн бүрдэлтэй баримтаар нөхөн бүрдүүлэх, хадгалах, ашиглуулах ажлыг хийж гүйцэтгэдэг.

Тус архив нь Монгол Улсын түүхэн хөгжлийн XVII-XXI зууны үеийг хамарсан 1674 оноос хойших үеийн 340 гаруй жилийн түүхийг агуулсан 1070 хөмрөг үүсгэгчийн 650.000 гаруй хадгаламжийн нэгжийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Үүнд: Манжийн ноёрхлын үеийн (1674-1911 он) 223 хөмрөгийн 135.961 хадгаламжийн нэгж, Богд хаант Монгол Улсын үеийн (1911-1921 он) 237 хөмрөгийн 29.000 хадгаламжийн нэгж, Ардын Засгийн үеийн (1921-2015 он) 610 хөмрөгийн 485.000 хадгаламжийн нэгж  хадгалагдаж байна.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook